Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан 6092 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг өчигдөр shilen.gov.mn цахим хуудсанд байршууллаа. Тариалан эрхлэлтийг дэмжих болон Мал хамгаалах санг 2021 онд нэгтгэж, дээрх санг байгуулсан. Эдгээр сангаас 10 325 компани, иргэн, төрийн болон төрийн бус байгууллага зээл авч, одоогоор 219 тэрбум төгрөгийн өр, авлага хуримтлагдсан байна. Тэдгээрээс 1994-2022 онд зээл авсан, нийт 52.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй 6092 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг эхний ээлжид ил тод болгосныг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлсэн. Үүнээс 5118 нь иргэн, 770 нь аж ахуйн нэгж, 138 нь төрийн байгууллага, 66 нь төрийн бус байгууллага аж. Зээлийн үлдэгдлийн хамгийн өндөр дүн нь 4.5 тэрбум бол бага нь 200 төгрөг байна.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдээс гадна төрийн цөөнгүй байгууллага дээрх сангаас зээл авсныг нээлттэй мэдээллийн жагсаалтаас харж болно. Жишээ нь, төрийн байгууллагуудаас аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар үүнд нэлээд хамрагджээ. Эдгээр газар нь хөдөө аж ахуйг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр зээл авсан байж болох. Гэтэл Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын нэр ч зээлдэгчдийн дунд байна. Энэ мэтээр тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ямар зорилгоор зээл авсан, түүнийг тогтмол төлж байгаа юу, эсвэл зээл нь чанаргүй ангилалд шилжсэн үү зэрэг нарийвчилсан мэдээллийг харин нээлттэй байршуулсангүй.
Ил тод болгосон мэдээллээс хамгийн өндөр зээлийн үлдэгдэлтэй 10 аж ахуйн нэгж, байгууллагыг хүснэгтэд үзүүллээ. Мөн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшигч, өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлийн лавлагааны burtgel.mn цахим хуудаснаас эш татан нэмж орууллаа. Зарим компанийн мэдээлэл уг цахим хуудсанд байгаагүй юм. Ташрамд дурдахад, үлдсэн 4000 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн мэдээллийг энэ долоо хоногт багтаан ил тод байршуулах гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч