Ираны эрх баригчид олон нийтийн газар хяналтын камер суурилуулж, түүгээрээ хижаб өмсөөгүй, улмаар Исламын хувцаслалтын дүрмийг зөрчиж буй эмэгтэйчүүдийг илрүүлхээр болсноо мэдэгджээ. Энэ тухай BBC агентлаг мэдээлэв.
Ираны цагдаагийн газрын мэдэгдэлд дурдсанаар, ийм аргаар илрүүлж, тогтоосон "зөрчил гаргагчидад” үр дагаврын талаар анхааруулсан мессеж илгээх юм байна. Ираны хууль сахиулах байгууллагын үзэж байгаагаар, энэ нь "хижабын хуулийн эсэргүүцлээс" сэргийлэхэд туслах аж.
Зөрчил гаргасан эмэгтэйчүүдийг тодорхойлохын тулд эрх баригчид "ухаалаг" камер болон бусад техникийн хэрэгслийг ашиглахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн жил хижаб өмсөх дүрэм зөрчсөн хэргээр баривчлагдан, шоронд нас барсан Махса Амини охины үхэл Иран улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн. Сөрөг хүчнийхэн охиныг зодуулж амиа алдсан гэж үзсэн ч эрх баригчид үүнийг үгүйсгэж байгаа юм.
Аминиг нас барснаас хойш олон эмэгтэйчүүд, ялангуяа томоохон хотуудад баривчлагдахаас үл айн хиджабаасаа татгалзах болжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш Иранд олон мянган жагсагч баривчлагдаж, дөрөв нь цаазлагдсан байна.
Тус улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу эмэгтэйчүүд үсээ хижаб (толгойн ороолт) зүүх ёстой. Энэ дүрмийг 1979 оны Исламын хувьсгалын дараа нэвтрүүлжээ. Хууль зөрчсөн эмэгтэйчүүдийг торгож эсвэл шоронд хоридог.