Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолд заасан “Шил ажиллагаа”-ны хүрээнд ЦХХХЯ өнгөрсөн долоо хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Шил" ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгосон. Энэ хүрээнд өнөөдрөөс авхуулаад 68 төрлийн мэдээллийг ил тод болгосон, эсэхийг 98 үзүүлэлтээр шалгаж, яам, тамгын газар, аймаг, нийслэлүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөөд явна. https://shilendans.gov.mn/ сайтад болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ хэр нээлттэй байршуулснаас шалтгаалан үнэлнэ. Энэ долоо хоногт Хөдөө аж ахуйг дэмжих сан мэдээллээ хэр нээлттэй болгосныг хүргэе. Нийт 10 325 зээлдэгчээс 6092 аж ахуй, төрийн байгууллага болон иргэний 52.4 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг ил болгож байна. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг ил болгохоор мэдээлэгчидтэй тохирсон. Зээл олгож байгаа бол төлсөн байдал нь ил тод байна. Дээр нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг хайлт хийж, ямар компани хэдэн төгрөгийн зээл авсан. Өгсөн үү, үгүй юу гэдгийг харж болно. Аймаг аймгаар нь, зээлийн төрлөөр нь хэний Засгийн газрын үед, хэн гэдэг сайд зээл олгосныг харах нь нээлттэй. Та бүхэн https://shilendans.gov.mn/ сайт руу орж Хөдөө аж ахуйг дэмжих сан гээд хайлт хийж, дээрх бүгдийг нээлттэй хараарай. Өнгөрсөн хугацаанд томоохон үндэсний үйлдвэрлэгчийг хардсан сэрдсэн мэдээллүүд нэлээд гарсан. Олонх нь үндэслэлгүй байсан. Энэ нь мэдээлэл хариуцагч нар Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллээ ил тод болгоогүйгээс үүдэлтэй сургаар хандсан асуудал юм. Цаашид мэдээллийг олон нийтэд ил тод болгоогүй мэдээлэл хариуцагч нар хариуцлагаа хүлээнэ" хэмээлээ.