Жил бүрийн элсэлтийн шалгалтын өмнө монгол хэл, бичгийн шалгалтыг төгсөгч бүрээс авдаг уламжлалтай. Энэ нь их, дээд сургуульд элсэх босго болдог. Тодруулбал, монгол хэл, бичгийн шалгалтад 400-гаас дээш оноо авч чадаагүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй. Ирэх хичээлийн жилд их, дээд сургуульд элсэгчдээс энэ сарын 22-нд монгол хэл, бичгийн шалгалт авах товыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ. Үүний дагуу шалгалтад оролцогчдыг цахимаар бүртгэсэн бөгөөд нийт 32 513 төгсөгч бүртгүүлжээ. Тэдний 30 715 нь энэ хавар ерөнхий боловсролын сургууль төгсөх сурагч юм байна. Тэгвэл 1798 нь өнгөрсөн онуудад ерөнхий боловсролын сургууль төгссөн аж. Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалт өгч болох, эсэхийг Боловсролын үнэлгээний төвийнхнөөс тодруулахад “Энэ удаагийн монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй бол ирэх намар их, дээд сургуульд элсэх боломжгүй. Заавал дахин өгч, тэнцсэний дараа элсэнэ гэж ойлгож болно. Дараагийн шалгалтыг ирэх өвөл арванхоёрдугаар сард авна. Харин монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй гээд элсэлтийн ерөнхий шалгалтад оруулахгүй гэж ойлгож болохгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 2.5 жилийн хугацаанд хүчинтэй учраас энэ хавар өгөөд, ирэх өвөл арванхоёрдугаар сард юм уу, дараа жил их, дээд сургуульд элсэхдээ ашиглах боломжтой. Мэдээж үүний өмнө монгол хэл, бичгийн шалгалтаа дахин өгч, тэнцсэн байх ёстой” хэмээн хариуллаа. Бүртгүүлсэн сурагчид энэ сарын 10-наас эхлэн дээрх төвийн eec.mn цахим хуудсанд нэвтрэн, шалгалт өгөх байр, суудлын хуваариа харах боломжтой аж.