Хөдөө аж ахуйн салбарын экспортын гол түүхий эд нь ноолуур. Урин дулаан цаг эхэлж, зүүн аймгийн малчид ямаагаа самнаад, ноолуураа борлуулаад эхэлжээ. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан баруун аймгийнхан тавдугаар сараас ямаагаа самнаж эхэлдэг байна. Хөдөө хүн хүч дутмаг байгаатай холбоотойгоор “Ямаа самнуулна” гэх зар түгэх болсон. Нэг ямааг 10 000 төгрөгөөр самнах бөгөөд өдөрт 50 ямаа самнахад дунджаар 500 000 төгрөг авна гэсэн зар ч нийгмийн сүлжээнд тархаж, иргэдийн ярианы сэдэв болов. Тиймээс нэг хүн өдөрт хэдэн ямаа самнах боломжтойг тодрууллаа.
Өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумд очиж, ямаа самнаад ирсэн иргэн Б.Цогтбаатар “Ямааны ноолуур хөөрнө гэж байдаг. Хөөрсөн үед нь самнах сайн. Өвлийг өнтэй давж, дулаарсан газрынхан ямаагаа эрт самнадаг. Самнах хугацаа нь жил бүр өөр. Нэг эм ямаанаас дунджаар 300-500, эрээс нь 700-900 гр ноолуур авах боломжтой. Ангор үүлдийн ямаанаас нэг кг хүртэл ноолуур гардаг. Малчид эм ямааг 10 000, эрийг нь 12 000 төгрөгөөр самнуулж байна. Туршлагатай хүн өдөрт дээд тал нь 10-15 ямаа л самнаж чадна. Өдөрт 25-50 ямаа самнана гэдэг байж боломгүй тоо. Би өөрийгөө нэлээд бяртай гэж боддог ч өдөрт дээд тал нь зургаан ямаа л самнаж чадлаа” хэмээн ярив. Ташрамд дурдахад, өчигдрийн байдлаар Хэнтий, Сүхбаатар аймагт нэг кг ноолуурын үнэ 145 000-150 000 төгрөгийн ханштай байгааг нутгийн иргэд хэлэв.
Бэлтгэсэн: Ю.Төгс