Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “E-Business” платформын нээлтэд оролцов. Засгийн газраас зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болгож, дэмжихийн тулд авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, төрийн хэт оролцоо, хяналт, хүнд суртлыг арилгахаар шат дараатай ажил хийж байгаагийн нэг нь эл платформ болохыг тэрбээр онцоллоо. Ерөнхий сайд “Засгийн газар технологийн дэвшилд тулгуурлаж хүнд суртлыг багасгах зорилт тавьж байгаа. “Шилэн” ажиллагаа ч үүнтэй холбоотой. “Е-Business” платформыг ажиллуулснаар тусгай зөвшөөрөл авахаас эхлээд компани байгуулахад улсын бүртгэл, татварын байгууллагад заавал очих шаардлагагүй болж байна. Энэ бол дөнгөж эхлэл” гэв.
Үүнд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, төрийн 226 үйлчилгээг нэвтрүүлжээ. Ингэснээр бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын хооронд хүнээс хамааралтай болон дүрэм журмаас шалтгаалсан хүнд суртал, ашиг сонирхлоос үүдэлтэй олон хүндрэлийг арилгаж, үргүй зардлыг хэмнэх гэнэ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, хүнд сурталгүй, цахим Монгол Улс болоход ард иргэдийн оруулах хамгийн том хувь нэмэр бол тоон гарын үсгээ авах гэдгийг онцлоод, оны эцэс гэхэд “И-Монголиа” системийн 1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсэгт шилжүүлж чадвал цахим хувьсгал болно хэмээлээ. Мөн тэрбээр тоон гарын үсгээ авахыг уриалав. Цахим гарын үсгийн тухай хуулиар 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож буй. Улсын бүртгэлийн байгууллага өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан иргэнд иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машинаар тоон гарын үсгийг нь олгож байгаа. Мөн мобайл аппликэйшнээр дамжуулан 603 мянган иргэн тоон гарын үсгээ авчээ.
Бэлтгэсэн: У.Наран