Зүүн гараас: Арне Трехольт, Геннадий Титов, Александр Лопатин нар Вена хотноо. Энэ зургийг хүүхдийн тэргэнд нуусан аппартаар авчээ
1983 оны наймдугаар сар. Австрийн Вена хотод албаны байдлаар хувцасласан гурван эр алхаж, хүүхдийн тэрэг түрсэн залуу хос араас нь явж буйг, уг тэргэнд байрлуулсан аппаратаар тэдний ахлам бүрийг бичиж авч байгааг үл анзаарна. Оросын Аюулаас хамгаалах хорооны ажилтан, генерал Геннадий Титов, Александр Лопатин нартай уулзаж буй Норвегийн нэртэй дипломатч Арне Трехольтыг сөрөг тагнуулчид салахгүй мөрдөж байв. Хожим нь Трехольт Норвегийн түүхэн дэх толгой тагнуулч болж, Зөвлөлтийн тагнуулын байгууллагад дамжуулсан нууц мэдээлэл нь батлан хамгаалахын таван жилийн төсөвтэй нь дүйх хохирлыг Норвегийн зэвсэгт хүчинд учруулсан байдаг.
1942 онд төрсөн Арне Трехольт Норвегийн Ажилчны намын “Ажилчны сонин” гэдэг хэвлэлд олон улсын тоймчоор ажиллаж амьдралын гараагаа эхэлжээ. Тэрбээр Норвегийг Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгт элсэхийг эсэргүүцдэг, НАТО-д таагүй ханддаг шинэ үеийн төлөөлөл байлаа. Олон улсын харилцааг сонирхдог байсан нь Трехольтыг улс төрд хөл тавиулж, 1972 онд Элчин сайд Енс Эвенсений туслахын хувиар худалдааны гэрээ байгуулах асуудлаар болсон Норвег, Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн хэлэлцээрт оролцсон байна. 1973 онд Худалдаа, усан тээврийн яамны улс төрийн нарийн бичгийн дарга, удалгүй яамныхаа Тэнгисийн эрхийн асуудал эрхэлсэн орлогч сайд болжээ. Трехольт цагтаа Чехословак, Афганистанд цэргээ оруулсныг шүүмжилж байсан хэрнээ л ЗХУ-д талтай ханддаг болсон аж. Зөвлөлтийн өндөр албаны хүмүүс ч түүнийг хүндэтгэж, үзэл бодлыг нь сонсдог байв. Андреас Папандреугийн толгойлсон Грекийн социалист хөдөлгөөнд Москва эхлээд таагүй ханддаг байснаа Папандреуг Трехольт дэмждэг гэж Норвегт байсан тагнуул Титов мэдээлснээс хойш Москвагийн хандлага сайжирсан нь үүний нэг илрэл юм. Баренцийн тэнгист загас агнуурын болон эдийн засгийн бүс бий болгох Норвег, ЗХУ-ын хэлэлцээр тун бүтэл муутай байлаа. Тэнгисийн хилийн талаар Норвегийн Засгийн газраас явуулж буй бодлогыг дайн өдөөн хатгаж буйгаа зарлаж байгаа юм уу, эсвэл нефть олборлох боломжтой газар өөрийн эдийн засгийн эрх ашгаа хангахыг хичээж байна уу гэсэн байдлаар хандаж байснаа Зөвлөлтийн тал гэнэт байдлыг хурцатгахгүйгээр шийдэж хоёр улс тэнгисийн маргаантай хэсэгт загас агнах гэрээнд 1978 онд гарын үсэг зурав. Үүнд мөн л Трехольтын нэр хүнд зохих нөлөө үзүүлж, ийм алхам хийх нь чухал бөгөөд үүнд Норвег ямар нэг атгаг санаа агуулаагүй гэдэгт орос нөхдийг итгүүлж чадсан аж.
1970-аад оны сүүлийн хагаст Арне Трехольт Норвегийн Гадаад хэргийн яамны хэвлэл эрхэлсэн нарийн бичгийн дарга болж тэр үеэс л Зөвлөлтийн тагнуулчидтай ойр холбоотой гэх хардлагад өртөж эхэлжээ. “Грета” гэх нууц нэрээр Зөвлөлтийн талд ажиллаж байсан Норвегийн ГХЯ-ны ажилтан эмэгтэйг тагнуулын хэргээр 1977 онд баривчилсан нь Трехольтыг сэжиглэх далим болсон байна. Түүнийг НҮБ-ын дэргэдэх Төлөөлөгчийн газрын зөвлөхөөр 1979 онд томилж Нью-Йоркт ажиллуулах болсноос хойш сөрөг тагнуулын газар бүр ч анхааралтай ажиглах болж. “Фокстрот” нэртэй нууц ажиллагааны хүрээнд Холбооны мөрдөх товчооны хоёр ажилтныг Трехольтын хажуу хаалганд нэг гэр бүл маягаар амьдруулах болов. Трехольт Америкт ирмэгцээ Зөвлөлтийн Аюулаас хамгаалах хорооны офицер Владимир Жижинтэй уулзсан гэж тэд мэдээлсэн ч түүнийг Батлан хамгаалах яамныхаа дээд сургуульд сурахаар 1982 онд явахад нь саад болсонгүй. Гэхдээ нууц албад Трехольтыг хараанаасаа гаргаагүй төдийгүй 1982 оны тавдугаар сард гэрт нь нууцаар нэгжлэг хийж 10 мянган ам.доллартой цүнх олжээ. УАХХ-ны генерал, Гретаг баривчилснаас хойш онцгой анхаарал татах болсон Геннадий Титов, чекист Александр Лопатин нартай Трехольт уулзсаныг сөрөг тагнуулчид баримтжуулж авчээ. Уулзсанаа норвег эр хүлээсэн ч нууц материал биш, лекцээ өгсөн гэж хэлсэн гэдэг. Трехольтыг 1982 оны наймдугаар сард Титов, Лопатин нартай Вена хотод уулзсаных нь дараа баривчлах гэсэн ч шалтгаан хангалтгүй гэж сөрөг тагнуулчид үзэж, ажиглалтаа үргэлжлүүлж Хельсинки хотод зоогийн газарт чекистүүдтэй уулзсаныг нь бас бичиж авсан байна. Виктор Грушко “Тагнуулчийн хувь заяа: Дурсамжийн ном” бүтээлдээ “Арне Трехольт айхавтар заль мэхний золиос болсон гэдэгт би эргэлздэггүй. Норвег, АНУ-ын, магадгүй НАТО-гийн бусад улсын нөлөө бүхий хүчнүүд ямар нэг аргаар энэ авьяаслаг, эрч хүчтэй, тун бэрх улстөрчөөс салахыг ихэд хүсэж байсан юм” гэж бичсэн байдаг.
Норвегийн “Форнебю” буудлаас Вена руу нисэх гэж байсан 1984 оны нэгдүгээр сарын 20 Арне Трехольтын час өдөр байсан гэлтэй. Суудлын тасалбараа бүртгүүлж байтал нэгэн үл таних хүн хүрч ирээд сөрөг тагнуулын газрын ажилтан Эрнульф Тоо гэж өөрийгөө танилцуулаад, ЗХУ-ын төлөө тагнуул хийсэн гэж сэжиглэн баривчилж байгааг мэдэгджээ. Дотор нь 1000 хуудас НАТО-гийн 66 нууц баримт бичигтэй цүнх нь Трехольтыг баривчлах, мөрдөн шалгах нотолгоо болжээ. Эдгээр баримтыг Австрид хүлээж байгаа генерал Титовт өгөх гэж байж. “Би Норвегийг ЗХУ-тай найрсаг хөршийн харилцаатай байлгахын төлөө тэмцэж байсан. Умард Европт цөмийн зэвсэггүй бүс бий болгох тухай хэлэлцүүлэгт оролцож Америкийн дунд тусгалын болон далавчит пуужинг Европт байрлуулахыг эсэргүүцэж үг хэлсэн. Намайг баривчилсан гол шалтгааны нэг нь миний үзэж буйгаар зүүний хүчнүүдэд дохио өгөх байсан болов уу”.
Арне Трехольтыг шүүх дуулиант ажиллагаа 1982 оны хоёрдугаар сарын 25-нд эхэлжээ. Эрүүгийн хэргийн материалаас үзвэл цэрэг, улс төртэй холбоотой нууц, дээд зэргийн нууц баримтыг ЗХУ-д дамжуулсан гэж Трехольтыг буруутгасан байна. Тэрбээр дээр өгүүлсэн Зөвлөлтийн тагнуулчдаас гадна Ослод ажиллаж байсан Евгений Беляев, Леонид Макаров нартай бас уулзаж байсан аж. Чекистүүд түүнд мөнгө ч сайн өгдөг байсан нь 1982 онд олдсон 10 мянган ам.доллароос гадна баривчлагдсаных нь дараа албан ёсоор нэгжлэг хийхэд гэрээс нь 30 мянган “ногоон” гарч ирснээс харагдана. Трехольт баривчлагдахаасаа өмнө хурдан морь өндөр үнээр авч, уралдуулдаг байв. Бизнес зөвлөгөө өгч Оросын УАХХ-ны ажилтнууд болон Иракийн тусгай албадаас мөнгө авдаг байснаа Трехольт мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүний дамжуулсан нууц баримт бичгүүд дотор Шпицбергений орчимд, умард газар нутагт баримтлах стратеги, аюулаас хамгаалах бодлогын асуудлыг хэлэлцсэн, 1975 оны эцсээр болсон Америк-Норвегийн зөвлөлдөх уулзалтын дүнгийн тухай байжээ.
Зөвлөлтийн чекистүүдтэй Трехольтын хийсэн нэг уулзалт 1980 онд болж, Ойрхи Дорнод, Зүүн Европын орнуудтай Норвег улс хэрхэн харилцдаг тухай мэдээллийг УАХХ-нд өгсөн гэж мөрдөн шалгагчид үзсэн байна. Ийнхүү АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпусын хүнд зэвсгийн агуулахуудын байрлал, хангалт, Норвег рүү ЗХУ довтолсон тохиолдолд дайчилгаа явуулах, хамгаалах төлөвлөгөө, Скандинавын энэ орны армийн хүчтэй хийгээд сул талын талаарх мэдээлэл Трехольтын туслалцаатайгаар Зөвлөлтийн тагнуулчдын гарт орсон аж. Түүнчлэн НАТО-гийн хэмжээнд болсон зөвлөгөөний тухай, нефть олборлож буй талаарх баримт, коммунист дэглэмтэй орнуудад экспортлохыг хориглосон бараа, материалын тухай мэдээлэл олж авахад нь Зөвлөлтийн талд тэрбээр тусалж байжээ. Түүнээс гадна 1980-1982 онд Афганистан дахь зөрчил тэмцэл, Ирак, Ираны сөргөлдөөнд Норвег хэрхэн хандаж байсан, Ойрхи Дорнодын орнуудтай Норвег хэрхэн харилцдаг талаарх мэдээллийг Зөвлөлтийн Аюулаас хамгаалах хороонд Трехольт дамжуулсан гэж мөрдөн байцаагчид үзжээ. Энэ дипломатч чекистүүдтэй төдийгүй Саддам Хусейний Засгийн газартай хэлхээ холбоотой байсан гэсэн дүгнэлтийг тусгай албад хийсэн аж.
Норвегийн дипломатчийн эрүүгийн хэргийн 250 хуудас материалын ихэнх нь одоо хэр “маш нууц” гэсэн тэмдэглэгээтэй байдаг юм гэсэн, түүнд юу гэж бичсэн байдгийг хэлэх боломжгүй. Шүүх хуралд Трехольтын гэрчээр эх орондоо буудан алуулах ял аваад гадаадад зугтаж гарсан, УАХХ-ны хошууч Олег Лялин, Станислав Левченко нар оролцжээ. Урваж, улмаар Британийн сөрөг тагнуулын “М15” гэдэг байгууллагад ажиллах болсон Лялины илчилснээр Зөвлөлтийн зуу гаруй дипломатчийг 1971 онд буцаасан гэдэг. Левченко болохоор Японд томилолтоор явж байхдаа АНУ-ын талд орж, Японы нутаг дэвсгэр дээр ажиллаж байсан Зөвлөлтийн 200 тагнуулын нэрийг Өрнөдийнхөнд өгсөн аж. Тэд Трехольтыг Зөвлөлтийн тагнуулчидтай холбоотой ажиллаж, нууц мэдээллийг УАХХ-нд нэг бус удаа өгч байсан хэмээн нотолсон юм билээ. УАХХ-ны хурандаа Олег Гордиевский норвег эрийн хэргийг мөрдөж эхэлж байхад Зөвлөлтийн талаас нууцаар Британийн тагнуулд ажиллаад нэлээд хэдэн жил болсон байв.
Түүнийг Норвегийн тагнуулчидтай хамтран ажилладаг УАХХ дахь найдвартай эх сурвалж гэж үздэг байснаас тэрбээр Арне Трехольтыг бүхнээс идэвхтэй “уудалсан” ч шүүн таслах ажиллагааны үед нэрийг нь огт дурдаагүй байна. Трехольтын эсрэг шууд нотлох баримт энэ хурандаад байгаагүй ч “УАХХ-ны сайн ажиллаж буй 10 тагнуулчийн нэг” гэж тэрбээр хэлсэн нь шүүх шийдвэр гаргахад ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. 1979 онд Трехольтын олж өгсөн “НАТО-гийн баримт бичгүүдийг англи хэлээс орчуулсан” гэж Гордиевский худал мэдүүлсэн байж. Тухайн үед Гордиевский англи хэл мэддэггүй байсан аж. 1985 оны зургадугаар сарын 20-нд Трехольтыг 20 жил шоронд хорих ял өгөв. Гэвч эрүүл мэнд нь эрс муудсаны улмаас 8.5 жилийн дараа Норвегийн хаан V Харальд өршөөл үзүүлэх шийдвэр гаргаж суллагдлаа. Хоригдогч “Би бараг хоёр жил ганц хүний өрөөнд хоригдож байгаад алуурчин, хүчирхийлэгч, хүүхэд тамлагч нартай, өөрөөр хэлбэл сэтгэцийн гажигтай хүмүүстэй хамт байх болсон. Энэ нь тагнуул хийж байсан гэж надаар хүлээн зөвшөөрүүлэх оролдлого байсан биз, гэлээ ч зорилго нь биелээгүй” гэжээ.
Трехольт захидлаар харилцаж, америк эцэг, норвег эхтэй Шелли гэх бүсгүйтэй танилцаж шоронд гэрлэлтээ батлуулсан ч эрх чөлөөтэй болсон хойноо тэд уулзаж учрах хувьгүй байж. Шелли хүндээр өвчилж Трехольтыг суллагдахаас хэдхэн сарын өмнө өөд болжээ.
1992 онд суллагдаад иртэл хүмүүс нүд үзүүрлээд, түүгээр ч барахгүй Германд эзлэгдээд байхад Норвегийн Засгийн газрыг тэргүүлж байсан, норвегчүүд зартай урвагч гэж үздэг Видкун Квислингтэй зүйрлээд байх тул Норвегтээ цаашид байх боломжгүй нь ойлгомжтой болсны зэрэгцээ бүх хөрөнгийг нь хураачихсанаас амьдрах аргагүй болсон байна. Тэгээд хожим нь Ерөнхий сайд нь болсон Андреас Папандреугийн тусламжтайгаар Грект очив. Трехольт сууц олж өгсний ачаар “хар хурандаа” нараас нуугдаж байснаа Папандреу мартаагүй байлаа.
Грект очоод улс төрийг орхиж, Ойрхи Дорнодын орнууд, түүний дотор Арабын Нэгдсэн Эмират Улсад хөрөнгө оруулдаг бизнес хийх болжээ. 1993 онд тэрбээр Москвад очиж, төвхнөхөд нь Геннадий Титов, Владимир Жижин, Виктор Грушко зэрэг Зөвлөлтийн тагнуулч туслав. Норвегийн дипломатч сүүлийн жилүүддээ Орос, Кипрт амьдарч бизнесээ үргэлжлүүлэв. Трехольт ажил, амьдралаа өгүүлсэн дөрвөн ч ном бичжээ. Данид түүний намтраар баримтат кино бүтээсэн гэнэ.
2007 онд Трехольтын амь насанд аюул учирч цусанд нь халдвар оржээ. Урвасных нь төлөө түүнийг хордуулсан гэх яриа ч гарав. Эмч нар тун таагүй онош тавьсан ч тэрбээр үүнээс хойш 16 жил амьд байж өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд 81 настайдаа Москвад эмнэлэгт амьсгал хураав. Зөвлөлтийн талд тагнуул хийсэн гэх ялыг тэр сүүлчийн өдрөө хүртэл үгүйсгэж байлаа.