Өндөр албан тушаал, эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс иргэдийн боломжийг хулгайлж ирсний, одоо ч далдуур булаасаар байгаагийн бас нэгэн жишээг Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгээр гадаадад суралцсан хүмүүсийн мэдээлэл харууллаа. Энэ тусгай сангийн зорилго, чиглэл бол дээд боловсролыг дэмжих, санхүүжүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх юм. Харин 1997 оноос олгож эхэлсэн гадаад тэтгэлэг нь монгол хүнийг шилдэг, чанартай боловсрол эзэмших нөхцөлөөр хангах, олон улсад өрсөлдөхүйц чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Боловсролын зээлийн сангийн үндсэн эх үүсвэр нь улсын төсвийн хөрөнгө буюу татварын орлогоос бүрддэг учир тэндээс үзүүлж буй үйлчилгээ, дэмжлэг иргэн бүрт тэгш боломж олгох ёстой. Хууль, журамдаа ч ингэж тусгасан байдаг. Харамсалтай нь, энэ үнэ цэнтэй боломжийг улс төр, нийгэмд нөлөө бүхий үе үеийн албан тушаалтан, олны танил хүмүүс, тэдний үр хүүхэд, хамаатан садан, ойр дотнынхон л голдуу ашиглаж иржээ. Одоогийн УИХ-ын дарга, Шадар сайдаас эхлээд парламентын цөөнгүй гишүүний хүүхэд энэ боломжийг ашиглажээ. Нийгэмд байр сууриа олсон, залуучуудын дунд үлгэр дуурайл болсон олны танил хүмүүсийн дунд ч Засгийн газрын санхүүжилтээр гадаадад суралцсан нь олон.
Сум, хорооноосоо ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан хүүхэд бүр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр гадаадад суралцах боломж бүрдсэн гэж иргэд, олон нийт ойлгож буй. Гэтэл начир дээрээ энд шалгарч, бэлтгэл хөтөлбөрт нэг жилийн хугацаанд хамрагдсан хүүхдүүд ч шалгаруулалтын багийн хүнд “сорил”-ыг дахин давах ёстой. Эцсийн дүндээ тэднийг өнөөх л өндөр албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүсийн төлөөлөл шүүж, шийдвэр гаргана гэсэн үг. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод болгохгүй л бол тэтгэлгийн хулгай зогсохгүй нь.
“Тэтгэлэг бүгдэд нээлттэй юм бол улстөрч, бизнесмен, олны танил хүмүүсийн хүүхэд яагаад түүнийг авч болохгүй гэж” хэмээн зарим иргэн сөргүүлэн асууж байна. Мэдээж болно. Тухайн суралцагч мэдлэг чадвартай байгаад, сургууль болон холбогдох байгууллагуудаас тавьж буй шаардлага, шалгуурыг хангаж байвал боломжтой. Гэхдээ яагаад эрх мэдэл, албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд л голдуу үүнийг аваад байна вэ. Таны эргэн тойронд Засгийн газрын тэтгэлгээр сурсан хүн хэр олон бэ. Гадаад тэтгэлгийн шалгаруулалтын талаарх мэдээлэл өнгөрсөн хугацаанд ил тод, нээлттэй байж чадсан уу. Эдгээр асуултын хариулт танд нэгийг хэлэх вий. Нөгөөтээгүүр, Боловсролын зээлийн сангийн гадаад тэтгэлгийн сонгон шалгаруулалт шударга бус болдог тухай баримтууд бий.
АТГ иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр тус санд хяналт шалгалт хийж, нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан байж болохуйц зөрчлүүдийг илрүүлэн, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг БШУЯ-нд удаа дараа хүргүүлж байж. 2020 онд гэхэд тус яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Э-гийн хүү Вашингтоны их сургуульд суралцахаар тэтгэлэг авсантай холбогдуулан тус газраас яаманд ийм бичиг хүргүүлжээ. Түүнчлэн гадаадын шилдэг сургуулиас урилга, тэтгэлэг авсан залуус ч БШУЯ-ны “өндөр босгыг” давж чадалгүй боломжоо бусдад хулгайлуулсан тохиолдол ч байна. УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал Харвардын их сургуулийн Бизнесийн сургуульд 2013 онд тэнцэж, 40 хувийн тэтгэлэг авсан ч яамны сонгон шалгаруулалтад унасан талаараа ярилаа. Уг нь бол тухайн жилийнхээ эрэмбээр тэргүүлж буй шилдэг их сургуулийн үндсэн ангид тэнцэж, хэлний шалгалтаа амжилттай давсан хүн Засгийн газрын тэтгэлэгт “ногоон гэрлээр” хамрагдах учиртай. Тиймээс ч тэрбээр өөрийгөө тэнцсэн гэдэгтээ 100 хувь итгэлтэй байж. Хачирхалтай нь, яамны ажлын хэсгийнхэн түүнийг тэнцүүлээгүй гэнэ. Харвардад үнэлэгдсэн ч, БШУЯ-ны шалгуурт нийцээгүй тэрбээр “Боловсролын зээлийн сангаас борчуудын хүүхэд тэтгэлэг авч чаддаггүй” хэмээн бухимдалтай ярина лээ. Энэ бол маш ноцтой баримт юм.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Засгийн газар хоорондын тэтгэлгээр суралцах залуусыг тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч орон өөрсдөө шалгаруулсны дараа Боловсролын зээлийн сан төлбөрийн тодорхой хувийн дэмжлэг олгодог учраас ашиг сонирхлын нөлөө бага” гэж ярьсныг, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга Д.Гарди “Гадаад тэтгэлгийн хамгийн том шалгуур нь дэлхийн шилдэг их сургуулийн аль нэгээс нь урилга авсан байх. Үүнийг авахын тулд тодорхой хэмжээний шалгуурыг давах ёстой. Хэн нэгэн өмнөөс нь сонгон шалгаруулалтад оролцох, нөлөөлөх боломжгүй” хэмээснийг дэд сайдын дээрх яриа няцааж байна. Нэгэн цагт тус сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан бүсгүй ч “Боловсролын зээлийн сангийн мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй, төрийн албан тушаалтнууд л өөрсдөө ашигладаг, хязгаарлагдмал хүрээтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна билээ. Тухайн санд, тэр дундаа гадаад тэтгэлэг хариуцсан нэгжид ажиллаж асан хүн ингэж ярьж байна гэхээр дээд боловсролыг дэмжих манай Засгийн газрын бодлого хаашаа чиглэж буй нь, тэтгэлэг хэнд хүрдэг нь ойлгомжтой.
Л.Энх-Амгалан сайд хэд хоногийн өмнө “Гадаадын шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт зээлээр сурсан 421, магистр, докторын сургалтад хамрагдсан 1950 суралцагч байгаагаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, алга болсон 230 хүнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байна. Эдгээрээс болоод Боловсролын зээлийн санд 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэл үүссэн” хэмээн сүр дуулиантай мэдэгдэж, гадаад, дотоодын сургуулиудад зээл, тэтгэлгээр суралцсан 210 мянга гаруй хүний мэдээллийг нээлттэй болгосноо зарласан. Тэрбээр үүний дараа нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр давхардсан тоогоор нэг сая гаруй хүн суралцсан, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсээс болж улс 27 тэрбум төгрөгийн хохирол амсаад буй гэж ярьсан. Харин Боловсролын зээлийн сангийн албан ёсны цахимхуудсандМонголын Засгийн газар 1995-2022 онд давхардсан тоогоор 1.3 сая суралцагчид 936.8 тэрбум төгрөгийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэг олгосон, зөвхөн гадаадад 4972 хүнийг 185.7 тэрбум төгрөгөөр сургасан гэж бичжээ. Эндээс тус санг тойроод хэр хэмжээний их мөнгө эргэлддэг, БШУЯ, Боловсролын зээлийн сангийнхан энэ талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлгүй нь харагдаж байна. Тус сан хөнгөлөлттэй болон оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэг, гадаад зээл, Засгийн газар хоорондын тэтгэлэг гэсэн хоорондоо ялгаатай, олон төрлийн хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт олгодог. Илүү том боломж, цаана нь их хэмжээний мөнгө яригддаг учраас хүмүүс гадаад зээл, тэтгэлэгт гол анхаарлаа хандуулдаг. Тэгвэл энэ бүхнийг нэгбүрчлэн шалгаж, алдагдсан боломжийн өртгийг нь нарийн тооцвол 10 тэрбум гэдэг бол “өчүүхэн” тоо.
Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн хугацаанд олгосон тэтгэлгийн үр дүн, санхүүжилтэд нэгдсэн дүн шинжилгээ, анализ хийж, түүнд үндэслэн шаардлагатай зохицуулалтыг хийхгүй л бол энэ төрлийн хулгай цаашид ч үргэлжилнэ. Өнгөрсөн хугацаанд гадаад зээл, тэтгэлэг олгохдоо дэлхийн шилдэг их сургуулиудын үндсэн ангид тэнцэж урилга авсан, гадаад хэлний болзол хангасан байх гэсэн үндсэн хоёр шалгуурыг тавьж иржээ. Эрэмбээр жагсаалтын 20-д багтсан их сургуульд тэнцвэл мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр, 21-100-д орсон сургуулиас урилга авбал Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр сургадаг байж. Энэхүү болзлыг хангасан хүмүүс Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авах уу, үгүй юү гэдгийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг шийддэг. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын комисс буюу яамны холбогдох албан тушаалтнууд гол шийдвэрийг гаргадаг гэсэн үг. Тэгэхээр энэ ажлын хэсгийн шийдвэрт яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Э шиг албан тушаалтнууд хөндлөнгөөс нөлөөлж, үр хүүхэд, хамаарал бүхий хүмүүсээ урдуур нь дайруулж, бусдын боломжийг булаадаг байх нь. БШУ-ы сайд ч “Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг хараат бус, олон нийтийн хяналттай болгох чиглэлд анхаарч ажиллана. Танай яаманд хамаг учир байна гэж хүмүүс хэлдэг. Олон улсад хиймэл оюун ухаан, технологид суурилсан шийдлүүдийг түлхүү ашиглаж, сонгон шалгаруулалтыг нөлөөллөөс ангид байлгахыг зорьдог” хэмээн ярьсан. Үүнийгээ даруй ажил хэрэг болгох хэрэгтэй.
Засгийн газар өнгөрсөн онд Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг олгох журмыг шинэчлэн баталсан. Үүгээр тэтгэлгийн эргэн төлөлтийн нөхцөлийг өөрчилжээ. Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр гадаадад сурсан хүн төрийн байгууллагад тав, орон нутагт гурван жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж зээлээс чөлөөлдөг байсан. Тэгвэл шинэ журмаар бол мэргэжлээрээ таваас дээш жил үр бүтээлтэй ажилласан хүмүүс зээлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах нь. Тэрчлэн өмнө нь баримталдаг байсан дэлхийн шилдэг 100 их сургуулийн эрэмбийг 50-иар “таслахаар” тусгажээ.
Эл журамд “Тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна” хэмээгээд сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг БШУЯ удирдлага, зохицуулалтаар хангана гэжээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг БШУ-ы сайд 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох яам, агентлаг, иргэд, төрийн бус болон олон нийтийн байгууллагын төлөөллийг багтаах гэнэ. Харин Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн шалгаруулалтын комиссыг дээрх байгууллагынхнаас гадна ЗГХЭГ-ын төлөөллийг хамруулан есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ил тод зохион байгуулна гэжээ. Тэгвэл Засгийн газар хоорондын зэрэг бусад тэтгэлгийнхийг хуучин зохицуулалтаар шалгаруулахаар тусгасан байна. Тэгэхээр өмнөх хулгай, булхай давтагдахгүй гэх баталгаа алга. Төрийн тэргүүний нэрэмжит бакалаврын тэтгэлэгт шалгарсан оюутнууд, Ерөнхий сайдын нэрэмжит магистр, докторын хөтөлбөрт тэнцсэн залуус ч “комисс” нэртэй хэсэг бүлэг хүнээр олны анхаарлаас ангид шүүлгэж, боломжоо алдахыг ч үгүйсгэхгүй. Сум, хорооноосоо ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан хүүхэд бүр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр гадаадад суралцах боломж бүрдсэн гэж иргэд, олон нийт ойлгож буй. Гэтэл начир дээрээ энд шалгарч, бэлтгэл хөтөлбөрт нэг жилийн хугацаанд хамрагдсан хүүхдүүд ч шалгаруулалтын багийн хүнд “сорил”-ыг дахин давах ёстой. Эцсийн дүндээ тэднийг өнөөх л өндөр албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүсийн төлөөлөл шүүж, шийдвэр гаргана гэсэн үг. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод болгохгүй л бол тэтгэлгийн хулгай зогсохгүй нь.