Нийслэлд цэцэрлэгийн хүртээмж тааруу байгаа. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд дэргэдээ цэцэрлэг байгуулах болсон билээ. Энэ хичээлийн жилд 28 байгууллага, аж ахуйн нэгж дэргэдээ цэцэрлэг байгуулж, тэдгээрт 2500 орчим хүүхэд хүлээн авсныг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Тухайлбал, “Говь” компанийн дэргэдэх цэцэрлэг 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. АШУҮИС-ийн харьяа Монгол, Японы эмнэлгийн цэцэрлэг найман бүлэг, 160 хүүхэдтэй нь хүртээмж, багтаамжийн хувьд одоогоор хамгийн өндөрт тооцогдож буй аж. БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хийсэн судалгааны үр дүнд цаашид 14 аж ахуйн нэгж, байгууллага 2023-2027 онд нийт 1000-1400 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад оруулахаар байгааг тогтоожээ.
Үүний тулд цэцэрлэгийн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлийн дэмжлэг шаардлагатайг судалгаанд оролцсон байгууллагуудын төлөөлөл уламжилсан гэнэ. Ташрамд дурдахад, манай улсад, ялангуяа нийслэлд цэцэрлэгийн хүртээмж тааруу, зарим хүүхэд гэртээ хүмүүжсэн хэвээрээ байна. Тухайлбал, энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1413 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 настай нийт хүүхдийн 86.5 хувийг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулж байгаа аж. Уг нь Засгийн газраас энэ хичээлийн жилээс бүх хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах зорилт тавьсан. Гэсэн ч өдий хүртэл уг зорилтоо биелүүлж чадаагүй байна.
Бэлтгэсэн: М.Оч