Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм гаргаснаа Дэлхийн банкнаас өчигдөр танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.2 хувиар өснө хэмээн төсөөлснийг энэхүү “Өсөлтийг тэтгэхүй” тоймд дурдсан байв. Тус банкныхан эл тоог 5.5 хувь байна хэмээн тооцсоноо өнгөрсөн аравдугаар сард мэдэгдсэн бол ийнхүү бага зэрэг доошлуулав. Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй ихэнх орон сүүлийн жилүүдийн “шок”-уудын нөлөөнөөс гарч, эдийн засаг нь өсөж эхэлжээ. Гэвч дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн өндөр үнэ, санхүүгийн нөхцөл чангарч буйзэрэг нь 2023 онд эл бүс нутгийн улс орнуудад нөлөөлөхөөр байгаа аж. Мөн глобал орчинд даяарчлалаас ухарч буй байдал, хүн амын хөгшрөлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг томоохон сорилт тулгарахаар байгааг чтэмдэглэв.
Тиймээс тэтгэврийн реформд анхаарах хэрэгтэйг сануулсан юм. Хүн амд эзлэх өндөр настай иргэдийн хувь манай улсад 2040 онд 10, 2060 онд 20 орчимд хүрэхийг дээрх тойм дахь графикаас харж болохоор байв. Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд тэмдэглэснээр 2040 он гэхэд 70-аас дээш настай иргэдийн хүн амд эзлэх хувь 4.8-д хүрэх хэтийн тооцоо бий аж. Эл хугацаанд 15-69 настай иргэд хүн амын 66.2 хувийг бүрдүүлэх гэнэ.
Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” тайлангаа өчигдөр танилцуулсан юм. АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд “Эл төсөөллийг зөвхөн суурь нөхцөлүүдэд үндэслэсэн бөгөөд бодлогын аливаа хувилбар, түүний өөрчлөлтийн нөлөөг тусгаагүй. Төсөөлөлд ашигласан мэдээллийг өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгосон. Үүнээс хойших хугацаанд гарсан мэдээлэл, өөрчлөлтүүд төсөөллийн үр дүнд хамаарахгүй болно” хэмээн өгүүлээд, бүс нутгийн орнуудын хувьд өнгөрсөн жил төсвийн тэнцэл нь харилцан адилгүй гүйцэтгэлтэй байсан бол энэ онд ихэнх улсад сайжрах хүлээлттэй буй гэдгийг дурдлаа. Мөн мөнгөний бодлого чангарах эрчим саарахаар байгаааж.
Монгол Улсад энэ онд инфляцын түвшин, урсгал дансны алдагдлын ДНБ-д эзлэх хувь буурах төлөвтэй гэнэ. 2022 онд ДНБ-ий өсөлтөд эрэлт талаас хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээ голлон хувь нэмэр оруулжээ. Тэгвэл нийлүүлэлт талаас хөдөө аж ахуй, үйлчилгээ болон уул уурхайгаас бусад аж үйлдвэрлэл гол хувь нэмэр оруулсан байна. Өнгөрсөн онд инфляц сүүлийн 14 жил дэх хамгийн өндөр хувиар дээшилж, төгрөгийн нэрлэсэн болон бодит ханш суларч, мөнгөний бодлогыг чангаруулсантай холбоотойгоор зээлийн өсөлт саарч, төсвийн тэнцэл сайжирсныг дурдлаа. Түүнчлэн 2022 онд урсгал дансны алдагдал нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл, валютын нөөц дэх дарамт өссөн гэв. Ахлах эдийн засагч С.Болд төлбөрийн урсгал дансны алдагдлыг зохистой хэмжээнд байлгах нь чухал гэдгийг тэмдэглэсэн юм.
Манай улсын эдийн засаг энэ онд 5.4 хувиар өсөж, ирэх жил хурдсах хүлээлттэй байгааг тус банкныхан хэлэв. БНХАУ хилээ нээж, ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэн, дотоодын эрэлт сэргэснээр Монголын эдийн засаг цар тахлын дараах өсөлтийн мөчлөгт шилжиж буй аж. Ирэх онд манай улсын ДНБ 6.1 хувиар тэлнэ хэмээн тэд төсөөлжээ. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл багасах тул жилийн дундаж инфляцын түвшин энэ онд 10.9, ирэх жил 8.7 хувь болж буурах төлөвтэй гэнэ. Гэхдээ төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулран, дотоод эрэлт нэмэгдэх нөлөөгөөр инфляц Төвбанкны зорилтот түвшнээс (зургаан хувь) өндөр хэвээр байх нь. Эдгээр төсөөллийг гаргахдаа АХБ-ныхан хэд хэдэн гол нөхцөлийг харгалзан үзжээ. Тэдгээр нь, гадаад орчны сөрөг нөлөөлөл, цочрол шинээр үүсэхгүй, урд хөршийн эдийн засаг нээлттэй хэвээр, ОХУ, Украины нөхцөл байдал одоогийнхоос муудахгүй, экспортын тээвэр, ложистик илүү сайжран, нүүрсний худалдааг өрсөлдөөнт үнийн саналд тулгуурлан зохион байгуулсан тохиолдолд дээрх үзүүлэлтүүд өмнө дурдсанчлан гарна гэж үзсэн байна. Мөн Оюутолгойн гүний уурхайн санхүүжилт, хүдэр олборлолт, баяжуулалтын хэмжээ, бас ДНБ дэх хувийн хэрэглээний эерэг нөлөө өндөр инфляц, мөнгөний хатуу бодлого, ипотекийн зээлийн эргэн төлөлттэй уялдан багасаж, энэ оны эхний хагаст багтан гурван банк IPO хийхтэй холбоотойгоор зээлийн өсөлт эрчимжихгүй, ирэх жил мөнгөний бодлогын төлөвт “зөөлрөх” орон зай үүсэн, зээлийн хэмжээ дээшилж, төсвийн зардал үргэлжлэн нэмэгдэж, экспортын орлогоимпортын зарцуулалтаасдавнагэж үзэн төсөөллөө гаргажээ. Ирэх зургадугаар сард багтан томоохон гурван банк олон нийтэд хувьцаагаа санал болгох учиртай. Статистикаас харвал хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа тул ялангуяа IPO хийх банкууд зөвхөн сайн харилцагчид зээл олгох магадлалтай юм.
Гэхдээ эдийн засгийн төлөв байдлыг дээрх төсөөллөөс бууруулж болзошгүй эрсдэлүүд чбий аж. Тухайлбал, ОХУ, Украины нөхцөл байдал удаан үргэлжлэх, илүү хурцадмал болох (ийм нөхцөл байдал үүсвэл худалдаа, хөрөнгийн урсгал, инфляц, гадаад төлбөр тооцоонд нөлөөлнө), ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд огцом буурах (гадаад худалдааны нөхцөл, төлбөрийн тэнцэлд нөлөөлнө), дотоодын улс төрийн эрсдэл (тогтворгүй, бодлогын тодорхойгүй байдал), оффтэйк гэрээнүүдийн болзошгүй сөрөг үр дагавар (нүүрсний экспортын орлого, төлбөрийн тэнцэлд нөлөөтэй) гарахыг үгүйсгэхгүй гэнэ. Оффтэйк гэрээ байгуулж, хэр хэмжээний валютын эх үүсвэр авч ашигласан нь одоо ч тодорхойгүй байгаа билээ.
“Азийн хөгжлийн төлөв” тайлангийн “Бодлогын сорилт” бүлэгт хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийг онцолжээ. ДНБ-ий өсөлт гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамааралтай. Гэвч хөрөнгө оруулалт ирэх жилээс буурах хандлагатайг АХБ-ныхан сануулав. Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулснаар хөрөнгө оруулалт буурахаар буй. Тиймээс хөрөнгө оруулалтын орох урсгалыг нэмэгдүүлэх өөр ямар төсөл хэрэгжүүлэх, мөн экспорт, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд нөлөөтэй уул уурхайн бус салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад анхаарах нь зүйтэйг дурдлаа.
Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг хязгаарлаж буй хүчин зүйлсэд макро эдийн засгийн эрсдэл ба бизнесийн тогтворгүй орчин, 2017 оноос хойш бизнес эрхлэхүй, 2018 оноос хойш авлигын индекс буурсан зэргийг нэрлэж болох нь. Мөн бодлогын тогтворгүй, мөчлөг дагасан байдал, 2018-2019 оныг эс тооцвол бодлого, зохицуулалтын чанар, үр дүнтэй байдлын индекс сөрөг утгатай гарсан, засаглал, дэд бүтэц, ложистикийн хөгжил сул, хөдөлмөрийн зах зээлд ур чадвартай, мэргэжилтэй ажилчдын эрэлт, нийлүүлэлтийн зөрүү их байгаа нь нөлөөлж буй гэнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах тогтолцоо сул, төрийн оролцоо их, бизнесийн шударга өрсөлдөөний орчныг дэмжих шаардлага өндөр зэрэг нь хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлж байгаа аж. Иймээс хөрөнгө оруулалтын орчны багц шинэчлэл боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх, Монгол Улсын бодлогын үр ашиг, бизнесийн орчин, дэд бүтэц, ложистикийн үзүүлэлт, төрийн байгууллагуудын засаглалыг сайжруулж, авлигыг бууруулах зэрэгт анхаарах хэрэгтэйгсанууллаа. Дээр дурдсанчлан Монголын эдийн засаг дунд хугацаанд таван хувиас давж өсөх таамаг бий. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн түвшнийг хадгалж, бас инфляцыг бууруулах шаардлагатайг С.Болд онцолж байв. Эдийн засгийн өсөлт инфляцад “идэгдвэл” хувийн хэвшлийнхэн, айл өрхүүдэд ДНБ тэлээд ч хүртээмжгүй учраас тэр. Сонирхуулахад, “Азийн хөгжлийн төлөв” тайланд Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг 2023, 2024 онд өнгөрсөн жилийнхээс (4.2 хувь) илүү буюу 4.8 хувиар өснө хэмээн төсөөлснийг дурджээ. Харин БНХАУ-ыг оруулахгүйгээр тооцвол Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд 4.6, ирэх жил 5.1 хувиар өсөх төлөвтэй аж. Инфляц бүс нутгийн хэмжээнд аажмаар буурч, цар тахлын өмнөх түвшинд хүрэхээр буйч улс бүрт харилцан адилгүй байх гэнэ. Өнгөрсөн онд 4.4 хувьд хүрсэн бүс нутгийн инфляц энэ жил 4.2, ирэх онд 3.3 болж буурна хэмээн АХБ-ныхан төсөөлжээ.