Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдвэрлэсэн. Үүний хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг олгох бөгөөд энэ оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөг тусгасан юм.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342.6, хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 гээд нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай олгох гэрээг Сангийн яам, ХХААХҮЯ, Монголбанк, арилжааны банкууд өчигдөр байгуулжээ. Зээлийг зориулалтын дагуу зарцуулснаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэн, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэнэ хэмээн тооцсоноо салбарын яамнаас танилцууллаа.
Бэлтгэсэн: Б.Сонор