Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа, холбооны яамны санаачилгаар Солонгосын Инновацын Сан (Korea Innovation Foundation)-аас Солонгос загварын Шинжлэх ухаан, технологийн паркийг хөгжүүлсэн туршлага хуваалцах сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэ хүрээнд технологийг зах зээлд гаргах, гарааны бизнесийг дэмжих тогтолцоо, БНСУ-ын гарааны бизнесийн чиглэлээр баримталж буй боловсролын бодлого, 5 жилийн төлөвлөгөө ба гүйцэтгэл сэдвүүдийн хүрээнд туршлага хуваалцлаа.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад шинжлэх ухаан, технологийн парк нь өрсөлдөх чадвар, бизнес сэтгэлгээний эх үүсвэр бөгөөд мэдлэгт суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих хөгжлийн үндсэн тулгуур билээ. БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн салбарын гол төлөөлөл болсон INNOPOLIS-Солонгосын Инновацын сантай хамтран зохион байгуулж байгаа нь Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт өндөр ач холбогдолтой юм.