Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 29-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгов. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог 2023 онд 1500 болголоо. Мөн оюутнуудыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд 2023 онд хамруулна. Төрийн өмчийн их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах зохицуулалт хийнэ" хэмээсэн.
Мөн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын сурагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг И-Монголиа систем ашиглан олгохоор болсон байна. Энэ хэрээр оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тоог нэмэгдүүлэх гэнэ. Улмаар И-Монголиа систем И-студент цонхтой болсон, оюутнуудад төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг энэ цонхоор авах боломжтой боллоо.