Монгол Улсын хэмжээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж буй. Эл хүрээнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр хүнсний салбарын баялаг бүтээгчдийн санал хүсэлтийг хүлээн авч, хуулийн төсөлд тусгах зорилготой юм.
Тодорхой хэлбэл, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл, Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл, Бэлчээрийн тухай хууль, Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэлийн тухай хууль зэрэг 5 үйл ажиллагааны чиглэлд 10 гаруй хуулийн төсөл өргөн барьж, батлуулснаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөн бүрэн хэрэгжинэ гэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд боловсруулж буй хууль тогтоомжийн явц байдлын талаар илтгэл тавилаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Ш.Адьшаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон салбарын яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан алба, агентлаг, мэргэжлийн байгууллагуудын удирдлага, эрдэмтэн судлаачид, баялаг бүтээгчид, төрийн бус байгууллагууд, малчид тариаланчид, иргэдийн төлөөлөл нарын нийт 70 гаруй хүн оролцов.