Хөдөө аж ахуйн бирж (ХААБ)-ээс Дорнод аймгийн Булган сумд өчигдөр ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулав. Тус бирж энэ хавар зарим аймагт ноолуурын арилжаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнийг Дорнодоос эхлүүллээ. Дээрх аймагт кг ноолуур өчигдөр 155 000 төгрөгийн ханштай байсан бол дуудлага худалдаагаар эл дүн 173 500-д хүрсэн аж. Худалдан авагчид малчдын нийлүүлсэн ноолуурыг шалгасан гэнэ.
Эл худалдаанд гарал үүсэл нь тодорхой, чанартай түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлснээр худалдан авагч талд цаг хугацаа, түүхий эд цуглуулах зардал хэмнэх боломж бүрдэж буй юм. Дуудлага худалдаагаар борлуулах ноолуурын доод хэмжээ 500 кг бөгөөд худалдагч этгээд арилжаа эхлэхээс нэг цагийн өмнө биржийн агуулахад бүтээгдэхүүнээ байршуулсан байх шаардлагатай. Нэг өрхийн ноолуурын хэмжээ дээр дурдсан доод хэмжээнд хүрэхгүй бол малчид хоорондоо хоршин, хамтарч оролцохболомжтой. Малчид, хоршоод бэлтгэсэн ноолуураа авчрахдаа харьяа орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээ авах бөгөөд үүнийг дуудлага худалдааны системд бүртгэлжүүлнэ гэдгийг ХААБ-ээс мэдээлэв. Ташрамд дурдахад, “Эмээлт” захад өчигдөр нэгкг ноолуур 130 000-160 000 төгрөгийн ханштай байв.