“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний нийт гүйцэтгэл, үр дүн дунджаар 60.1 хувь
УИХ-аас баталсан Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас аудит хийжээ. Аудитаар уг төлөвлөгөөний гүйцэтгэл 60.1 хувьтай буюу хангалтгүй гэсэн дүн гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд 300 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгажээ. Тэдгээрээс дөнгөж 82 буюу 27.3 хувь нь үр дүнд хүрсэн аж. Түүнчлэн 23.7 хувь нь тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн гэж аудитын байгууллагаас дүгнэсэн байна. Харин үлдсэн хувь нь дорвитой үр дүнд хүрээгүй гэнэ. Мөн зарим төсөл, арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй буюу нотлох баримтгүй байжээ. Үүнээс гадна 28 төсөл, арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй буюу санхүүжилтийн эх үүсвэрийг тусгаагүй байсан аж. Мөн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөвгүй 20 ажил байсныг илрүүлжээ.
Бас нэг зөрчил нь санхүүжилттэй холбоотойг Үндэсний аудитын газрын тайланд онцолсон байна. Тодруулбал, 300 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 3.7 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт гаргасныг дээрх байгууллагаас тогтоосон гэнэ. Гэтэл Засгийн газраас үүнийг 4.1 их наяд төгрөг гэж тайлагнасан нь бодит гүйцэтгэлээс 354.2 тэрбум төгрөгийн зөрүүтэйг аудитын байгууллагын мэдээлэлд дурдав. Өөрөөр хэлбэл, хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг баримт нотолгоонд үндэслэж, бодитой үнэлээгүй, төсөл, арга хэмжээнүүдэд зориулсан гэх хөрөнгийн зарцуулалтад хангалттай түвшинд хяналт тавиагүйг онцолжээ.
Манай улсад хөгжлийн олон бодлого, баримт бичиг гаргадаг ч тэдгээр нь уялдаа холбоо, залгамж чанаргүй байдгийг олон нийт шүүмжилдэг. Ийм зөрчил ч уг аудитаар илэрсэн байна. Жишээ нь, хөгжлийн төлөвлөгөө нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрэх үр дүнтэй уялдсан, эсэхийг тодруулсан аж. Ингэхэд 252 төсөл, арга хэмжээ нь дээрх үндсэн чиглэлтэй уялджээ. Харин 48 нь уялдаа холбоогүй байсан гэнэ. Хөгжлийн төлөвлөгөө нь зургаан бүлгээс бүрдсэн. Бүлэг тус бүрийн хэрэгжилт, гүйцэтгэл хэдэн хувьтай байсныг тоон мэдээнд үзүүллээ.
Бэлтгэсэн: М.Оч