“Нүүрсний” гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан “Ажнай корпорац” компанийг үүсгэн байгуулагч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Төмөрбаатарын Аюурсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга байсан Нанзадын Наранбаатар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад хүргүүлжээ.
Тэд бүрэн эрхээрээ далайлган мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, хамаарал бүхий компанийн оффистоо нэгжлэг хийлгэхгүй байсан тул АТГ-аас халдашгүй байдал, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагад гаргасан билээ. УИХ-ын тухай хуулийн 9.1.2-т “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол түдгэлзүүлэх, эсэх асуудлыг чуулган, холбогдох байнгын хороогоор хэлэлцэнэ”, 9.3-т “УИХ чуулганы үеэр энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын таван өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Харин УИХ-ын гишүүд Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх магадлал өндөр гэх яриа бий. УИХ-ын нэгдсэн чуулганаас өмнө Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх учиртай.