Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар өнгөрсөн хичээлийн жилээс сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн. Уг тушаалын дагуу 203 сэтгэлзүйчийг мэргэшүүлэн бэлтгэсэн бөгөөд тэд хэдийн ажлын байртай болсон байна. Тэгвэл тус яамны мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй ч сургуулиудад ажиллаж байгаа сэтгэлзүйчдийг чадавхжуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, тэднийг хүүхдүүдтэй ажиллах чиглэлээр мэргэшүүлэн сургахаар болсон аж. Үүнд хамрагдах хүсэлтэй сэтгэлзүйчдийг энэ сарын 27-ны 18.00 цаг хүртэл Боловсролын ерөнхий газарт бүртгэх нь. Бүртгүүлсэн сэтгэлзүйчдийг хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулж, сургалтад хамруулах, эсэхээ шийдэх гэнэ. Нэгдүгээрт, тухайн мэргэжилтний баримт бичиг баталгаатай, хуурамч биш, эсэхийг шалгах нь. Хоёрдугаар шатанд тухайн сэтгэлзүйчээсярилцлага авахаартөлөвлөжээ. Энэхүү хоёр шатны шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд боловсролын сэтгэл зүйн чиглэлээр 45 хоногийн мэргэшүүлэх сургалтад хамруулж, сертификат олгох аж. Сургуулиудын сэтгэлзүйч нь голчлон хүүхдүүдтэй ажилладаг тул тэднийг ийнхүү мэргэшүүлэн бэлтгэх зайлшгүй шаардлагатай гэнэ.