“Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд институтчилэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, БОАЖЯ, БШУЯ, ЭЗХЯ, СЯ, БЕГ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ШХА, ТХБ-II төслийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд, төслийн орон нутгийн түшиц байгууллага БОМСТ ТББ-ын төлөөлөл оролцож ТХБ-II төслийн сайн туршлагуудтай танилцуулцан ТХБ-ыг үндэсний түвшинд институтчилэх үзэл баримтлалын хүрээнд санал солилцов.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх Австри, ХБНГУ зэрэг орны ТХБ-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлж буй туршлагаас танилцуулсан юм. Австри улс "ТХБ-ын стратeги"-аа 15 жилийн өмнө, 2008 онд баталж хүйсийн тэгш эрх, жeндэрийн асуудал, эрүүл мэнд, хүрээлэн буй орчноо хамгаалах, хөдөөгийн хөгжил, хүмүүнлэгийн болон энх тайвны аюулгүй байдал, тогтвортой хэрэглээ, соёлын олон талт байдал, хотуудын тогтвортой хөгжил гэсэн үндсэн асуудалд төвлөрч байжээ. ХБНГУ-д муж улс тус бүрдээ ТХ, ТХБ-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодлого, бүтэцтэй. Тухайлбал Хэссэн муж "Дугуй ширээ"-ний загвар бүхий зөвлөлтэй. НҮБ-ын ЮНEСКО, эрдэмтэн судлаачид, яамны төлөөллүүд тус зөвлөлийн зөвлөхөөр ажилладаг бол гишүүд нь төр, ТББ -ын төлөөллүүдээс бүрддэг байна.
Харин манай улсын тухайд Тогтвортой хөгжил /ТХ/, Тогтвортой хөгжлийн боловсрол /ТХБ/-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх суурь баримт бичиг, эрх зүй, бүтэц алга байна. 2018 онд батласан “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” өнгөрсөн жил хэрэгжиж дуусчээ. Эхний ээлжинд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, ТХ, ТХБ-ын үзэл санааг хэрэгжүүлэх, хариуцах бүтцээ бий болгож, стратеги төлөвлөгөө, замын зураглалаа гаргах шаардлагатай байгааг ТХБ-II төслийн баг, судлаач, мэргэжилтнүүд онцолж байлаа.
Тухайлбал судлаач доктор, профессор Ш.Батсүх “Монгол улсын ОУ-ын хамтын нийгэмлэгийн өмнө 2030 он хүртэл хүлээсэн үүрэг бий. Үндэсний түвшинд ТХ, ТХБ-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, институтчилэх, ололт амжилтаа бэхжүүлэх үүрэг бий. Тиймээс 2030 он хүртэл ирэх 8 жилд эдгээрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар өнөөдрийн хэлэлцүүлгээр санал солилцлоо. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд “бүх шатны сургуулиудын сургалтын агуулгад Тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгана” гэж оруулсан байсан. УИХ-аар хэрхэн батлагдахыг мэдэхгүй. Гарсан саналуудыг тусган ирэх 5 сард Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна” гэлээ.
ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын үндэсний төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах зохицуулагч А.Заяасайхан "Бид энэ чиглэлд яаравчлахгүй бол тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх тал дээр бусад орноос хол хоцрох нь. Энэ бол дан ганц байгаль орчны, боловсролын салбарын асуудал биш юм. Хамтаараа, бүхлээрээ ажиллаж байж үр дүн хүрдэг, ТХБ-ыг бүх нийтийн үйл хэрэг болгох, түүнчлэн бүх шатанд интеграцчилах арга аргачлал нь ч ийм" гэж мэдэгдэв.