Хөдөө аж ахуйн биржээс орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ ажлаа гуравдугаар сарын сүүлээр зүүн бүсийн аймгуудаас эхлэх аж. Тодорхой хэлбэл, Дорнод аймагт гуравдугаар сарын 27,29,31-нд, Хэнтий аймагт гуравдугаар сарын 27,28,29,30,31-нд, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 3,5,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна. Ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулснаар малчид, хоршоод ноолуураа зах зээлийн бодит үнэ ханшаар борлуулах, худалдан авагч нарт нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн зохион байгуулагчид харж байна. Улмаар дуудлага худалдаа “Англи дуудлага худалдаа” буюу нэг худалдагч, олон худалдан авагч гэсэн зарчмаар явагдах нь. Өөрөөр хэлбэл, худалдагч тал зарах барааны хэмжээ, төрөл ангилал, доод үнийн захиалга өгөх бөгөөд үнэ хаялцах зарчмаар буюу хамгийн өндөр үнээр захиалга биелнэ гэсэн үг. Үнэ, хугацаа гэсэн дарааллыг мөрдөж, төлбөр тооцоог захиалгад өгсөн үнийн саналаар гүйцэтгэх аж.
Дуудлага худалдаанд малчид, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч гээд бүх хүмүүс нээлттэй оролцох боломжтой. Дуудлага худалдаа нь Хөдөө аж ахуйн биржийн ноолуурын дуудлага худалдааны журмын дагуу явагдах нь. Мөн худалдан авагч этгээд нь дуудлага худалдаанд оролцохдоо арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэн 1 сая төгрөгийн дэнчинг биржийн клирингийн дансанд байршуулж, баталгаажуулалт хийх ёстой аж. Дуудлага худалдаанд оролцох ноолуурын доод хэмжээ нь 500 кг байх бөгөөд худалдагч этгээд дуудлага худалдаа эхлэхээс 1 цагийн өмнө биржийн агуулахад ноолуураа байршуулсан байх шаардлагатай. Нэг айл өрхийн ноолуурын хэмжээ дуудлага худалдаанд оролцох доод хэмжээнд хүрэхгүй бол малчид хоорондоо хоршиж, хамтарч оролцох боломжтой. Оролцогч талуудын бүртгэлийг гуравдугаар сарын 20-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдааны (https://cloud.mce.mn/register.aspx) системээр бүртгэж эхэлжээ.
Дуудлага худалдаа зохион байгуулснаар сум, орон нутаг бүр өөр өөрсдийн ноолуурыг төвлөрүүлэн дуудлага худалдаагаар боломжит үнэ ханшаар зарах боломжуудыг нээж өгөх юм. Мөн худалдан авагч, үйлдвэрлэгчид нэг газраас төвлөрсөн ноолуурыг худалдан авснаар цаг хугацаа, санхүүгийн зардал хэмнэх, өөрөөр хэлбэл сум, баг бүрээр явж ноолуураа цуглуулах зардлыг хэмнэж, дуудлага худалдаанд оролцон шууд худалдан авах боломжийг бүрдүүлэх аж. Улмаар үндэсний үйлдвэрлэгч болон гаднын худалдан авагчид дэлхийн аль ч улс орноос цахимаар шууд оролцох боломжийг нээнэ. Цаашдаа Төв, говийн болон баруун бүсийн зарим аймгуудад зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Тухайн бүс нутгийн ноолуурын гарц болон цаг агаарын байдал зэргийг харгалзан орон нутгийн төр захиргааны байгууллагатай зөвшилцөн хугацааг товлох аж.