Усан доогуур явдаг Зөвлөлтийн К-129 завь 1968 оны гуравдугаар сарын 8-нд дохио өгөхөө больж, хяналтын дэлгэцнээ үзэгдэхээ байв. Уг хөлөг 1968 оны хоёрдугаар сарын 24-ний өглөө эрт зогсоолоо орхиж Номхон далайн усанд шунган орж Хавайн арлыг зүглэжээ. Хөлгийн багийнхан төлөвлөгөөт аяндаа яваад дөнгөж ирсэн, аяншиж ядарсан тэд энэ удаагийн томилолтыг хүлээж авахдаа сэтгэл нэнтаагүй байв. Амарч байсан нэг хэсгийг нь эргүүлэн дуудаж, заримыг нь өөр хөлгийн офицер, цэргээр нөхөнбаг бүрдүүлжээ. Ингээд хоёр долоо хоног аялаад гэнэт сураг тасрав.
Гуравдугаар сарын 8-нд Номхон далайн флотын штабтаа хариу өгөөгүй нь айхтар болгоомжлол төрүүлж, тэгээд завь усны ихгүнд байгаагаас дохио түүнд нэвтэрч хүрэхгүй байна гэж үзэцгээж. Гэтэл эмгэнэлт явдал тохиолдсон байлаа.
Өргөнцар хүрээтэй эрэл хайгуул эхэлж, байлдааны хөлгүүд, нисэх онгоцнуудыг шумбагч хөлөг алга болсон Хавайн зүг илгээв. Уудам оронзайд хайсанч ядаж ямар нэг ул мөр юу ч олдсонгүй. 70 гаруй хоног үргэлжилсэн эрэлд янз бүрийн ангиллын 30 гаруй хөлөг онгоц оролцсонч 20 миль орчим талбайд тосон толбо ажиглагдсанаас хэтэрсэнгүй. Усан цэргийн 98 албан хаагчийг бүгд амь үрэгдсэн хэмээн хүлээн зөвшөөрлөө.
Эрэлд АНУ ч оролцов. ЗХУ уг ажиллагааг бүрэн хэмжээгээр нууцалж, уг завь тэнгисийн цэргийн флотын бүрэлдэхүүнээс хасагдсан байсан болохоор АНУ хөндлөнгөөс оролцсоннь санамсаргүй явдал байв. Гэлээ ч Номхон далайн нэг хэсэгт олон хөлөг онгоц цугларсан байгааг америкчууд анзаарахгүй байна гэж яаж байх вэ дээ. К-129 шумбагч хөлгийг ЗХУ өөрийнх гэж үзэхгүй байсан болохоор түүнийг эхэлж олсон улс л эзэн нь болохоос өөр яалтай. Тиймээс АНУ ийм боломжийг яахин алдах вэ дээ. Зөвлөлтийн тив алгасах пуужин, нууц тайлал болон Зөвлөлт, Америкийн хооронд болж байсан зэвсгийн өрсөлдөөний талаар чухал хэрэгтэй мэдээллийг уг завь өгөх байсан нь эргэлзээгүй.
Дизель-цахилгаан хөдөлгүүртэй К-129 гэх энэхөлгийг 1959 онд бүтээж тэр даруйд Номхон далайн флотын бүрэлдэхүүнд оруулсан аж. Чанар сайтай, сайн зэвсэглэсэн завь цөмийн цэнэг бүхий пуужингуудтай, 1968 онд сүйртлээ байлдааны үүрэг гүйцэтгэж байжээ. Бүр 1955 онд америкчууд оросуудаас урьтаж ийм завийг торпедийн зэвсгээр хангасан байв. Тухайн оны эцсээр ЗХУ усан доогуур явдаг шумбагч хөлгөөс анх удаа баллистик пуужин амжилттай хөөргөв. 1960 онд тус хоёр улс хэдхэн сарын зөрүүтэйгээр усан доороос пуужин харважээ. Их гүрнүүдийн сөргөлдөөн туйлдаа хүрч зөрчил тэмцэлд илт бэлтгэж байлаа. Тэд биенээсээ илүү гэдгээ нотлохыг хичээж байсан нөхцөлд Зөвлөлтийн зэвсэглэлийн баримтууд бүхий шумбагчийг олж авах нь АНУ-ын хувьд бэлэг л гэсэн үг байв.
Америк усан дахь дуу авиаг сайн мэдрэх системтэй байсан нь энэ эрлийн ажилд тэдний давуу тал боллоо. “Хэлибат” хөлөгт суурилуулсан аппарат хэдэн долоо хоногийн дараа К-129-ийн үлдэгдлийг олов. Хавайн арлаас ойролцоогоор 1000 километр зайд 5000 орчим метрийн гүнд уг завь хоёр хэсэг болон хэвтэж байжээ. Ийм гүнд байгаа завийг уснаас татаж гаргана гэдэг хүч хүрэх ажил биш байв. Ийм ажил хийчих механизм тэр үед байгаагүй тул америкчууд завийн гэмтлийг судалж, баахан (20 гаруй мянга) зураг авахаас хэтэрсэнгүй. Гэлээ ч энэ төвөгтэй байдал АНУ-ыг зогсоосонгүй, К-129 хөлгийн жинд тохируулж тусгай усан онгоц зохион бүтээж байж 1974 онд түүнийг далайн ёроолоос гаргаж иржээ.
АНУ чухам юу төлөвлөж буйг ЗХУ нэгэн тохиолдлоос мэдэж авсан нь сонирхолтой. Вашингтон дахь Зөвлөлтийн ЭСЯ-нд захидал иржээ. Түүнд өгүүлснээр бол завины урд талын хэсгийг уснаас гаргасан бөгөөд эвдэрч хэмхрэлгүй сайн хадгалагдсан байж. Энэхэсэгт усан цэргүүдийн цогцос байсан аж. Энэ олдворын талаарх мэдээллийг америкчууд нууцалсан байна.
АНУ-ын төлөвлөгөөг эцэслэн ил болгосон нэг үйл явдал бас болжээ. К-129-ийг уснаас татаж гаргахад зориулж бий болгосон “Гломер эксплорер” хөлгийг ивээн тэтгэгчийн Лос-Анжелес дахь албан байранд 1974 оны зургадугаар сарын 5-нышөнө дээрэмчид нэвтэрч, үнэ цэнэтэй зүйл олоогүй ч чухал баримт бичгүүд хулгайлжээ. “Гломер эксплорер”-ийг Тагнуулын төв газар (ТТГ)-ын заавраар Зөвлөлтийн шумбагчийг далайн ёроолоос татаж гаргахгэж тусгайлан зохион бүтээсэн талаар уг баримтад өгүүлсэн байв. Дээрэмчид ТТГ-аас хагас сая гаруй ам.доллар нэхсэнч түүнийг нь өгөөгүй тул сэтгүүлчидтэй наймаалцсан аж. Тэгээд К-129-ийг уснаас гаргасан “Гломер эксплорер” хөлөг бүтээсэн тухай өгүүлэл 1975 оны хоёрдугаар сард хэвлэлд гарахад уг ажиллагаа дуусаагүй байсан тул олны анхаарлыг гойд татсангүй. Үүнд хариу өгөхдөө ЗХУ болгоомжтой хандаж, АНУ ч элдэв хэл ам татлахыг хүссэнгүй, тэгээд ч завины үлдсэн хэсгийг гаргаж ирэх төлөвлөгөөг орхихоор шийдсэн байна.
Хөлөг сүйрсэн тухайд олон янзын таамаг, цуурхал гарч байсан нь мэдээж. Эхлээд жолоодлогод технологийн олон алдаа гарснаас живсэн гэж үзэж байв. Хөлгийн сэгийг анх олж харсан америкчууд “Зай хураагуур дэлбэрснээс эмгэнэлт явдал болжээ” хэмээн авсан зургууддаа үндэслэн дүгнэсэн аж.
Эцэст нь, нэг таамаг гарч ирсэн нь хүйтэн дайн, Вьетнамд өрнөсөн зөрчил тэмцлийн үе тэй холбоотой бөгөөд К-129-ийг Америкийн хөлөг онгоцтой мөргөлдсөн гэж үзэх болов. Тухайн үеийн Зөвлөлтийн ийм хөлгүүд чиглэлээ өөрчлөхдөө их чимээ гаргадаг байж. Америкийнх ийм их чимээ гаргадаггүй, тиймээс энэ байдлыг ашиглаж араас нь хөөж дагадаг байсан гэнэ. Америкчуудын энэ мэхийг Зөвлөлтийн усан цэргүүд мэдээд Америкийн мөрдлөгөд саад хийхийн тулд өөрийн хөлгийг огцом 180 градус эргүүлж дайснаа илрүүлдэг болсон байна. 1968 оны гуравдугаар сард чухам ийм явдал болж, К-129 завь өөрт нь хэтэрхий ойртсон Америкийн хөлөгтэй мөргөлдсөн байж болох. Америкчуудын авсан зураг дээр хөлгийн их биед гүнзгий цөмөрхий байгаань мөргөлдөөний улмаас бий болсныг үгүйсгэх аргагүй. Японы Йокосүко боомтод тухайн оны гуравдугаар сарын дундуур очсон Америкийн “Суордфиш” завь олон гэмтэлтэй байсан нь энэ таамаглалыг үнэмшилтэй болгоход нөлөөлсөн байна. Уг гэмтлийг засахыг зөвхөн Америкийн мэргэжилтнүүдэд зөвшөөрсөн нь ихээхэн сэжиг төрүүлжээ. “Суордфиш” завь бүтэн хагас жил аялалд гараагүй, зарим мэдээллээр бол нууцыг задруулахгүй байх ам өчгийг багийн гишүүдээс авч, гарын үсэг зуруулсан гэх. Энэ баримтад Америкийн тал “Суордфиш” мөсөн уул мөргөсөн гэсэн гоомой тайлбар өгсөн байдаг. Уг тайлбарыг мэргэжилтнүүд тэр дор нь үгүйсгэхдээ гуравдугаар сард далайн энэ хэсэгт мөсөн уул огт байгаагүй гэх баримт ашиглажээ.
Түүнээс гадна эмгэнэлт явдал болсон газар америкчууд даруйхан ирсэн нь осол хаана болсныг мэдэж байсных гэх бодол хүмүүст төрүүлсэн аж.
Албан ёсны мэдээгээр бол америкчууд шумбагч хөлгийн ердөө урд (хошуу) хэсгийг олж, цөмийн цэнэгт хошуу, нууц шифр, баримтууд байсан хамгийн том олз болох дунд хэсэг нь далайн ёроолд үлджээ. Тэгвэл АНУ яагаад энэ хэсгийг үлдээв гэх асуултгарч ирнэ. Магадгүй, үнэн хэрэгтээ америкчууд энэ дунд хэсгийг уснаас гаргаж авчихаад мэдээлээгүй ч юм бил үү. Өөр нэг хувилбар бий. К-129 хөлгийн ахмад Владимир Кобзарь өндөр нуруутай хүн учраас давчуу өрөөнд удаан суух хэцүү байж. Тэгээд ээлжит засварын үед нууц шифрүүдийг пуужин байгаа хэсэгт байрлуулснаас тэдгээрийг байх ёстой газраас нь олоогүй ч байж болох.
К-129 живсэн газрын хавьд америкчууд идэвхтэй ажиллах болсонддургүй нь хүрсэн Зөвлөлтийн флот командлалынхаа тушаалаар тийш нь байлдааны хөлгүүд илгээж хагас жил орчим энд харуулын үүрэг гүйцэтгэсэн нь хөлгийн үлдсэн хэсгүүдийг уснаас гаргахад америкчуудад саад болсон нь эргэлзээгүй. Цэрэг, дайны илэрхий сөргөлдөөн бий болгочих эрсдэлээс зайлсхийх зорилгоор уг ажиллагааг үргэлжлүүлэхийг АНУ-ын Конгресс хориглосон учраас америкчууд өөрсдөө энэ төлөвлөгөөгөө орхихоос аргагүй болжээ.
Эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахаар ЗХУ-д хоёр ч комисс байгуулагдсаны Засгийн газрынхыг нь Сайд нарын Зөвлөлийн дарга Леонид Смирнов, Тэнгисийн цэргийн флотынко миссыг түүний ерөнхий командлагчийн нэгдүгээр орлогч Владимир Касатонов тэргүүлсэн байна. Хоёр комисс осолд хөлгийн баг буруугүй гэсэн ижил дүгнэлт гаргав. Ослын талаар К-129 хөлөгдээр ямар нэг шинэ зэвсэг юм уу, ачаа байж, түүнийг нь АНУ авахаар оролдсон гэхмэт элдэв таамаглал ихгарсан байдаг. Америкчуудын таамаглалыг 1999 онд бүтээ сэн “ПЛ К-129-ийн эмгэнэлт явдал” гэдэг кинонд тодорхой харуулсан аж. Түүнд Оросын шинжээчдийн тайлбарыг оруулжээ. Зай хураагуур дэлбэрснээс хөлөг осолдсон гэх ойлголтыг кинонд үнэмшилтэй харуулсан байна. Тэгэхдээ ийм дэлбэрэлт тохиолддогч нэг нь ч осолд хүргэж байгаагүй аж. Америкийн хөлөгтэй мөргөлдсөн гэх таамаглалын талаар уг кинонд огт дурссангүй. Түүнчлэн баримтат кино гэсэн атлаа харилцан уялдаагүй, алдаатай зөрүү тэй зүйл маш олон байснаас хөлгийг сөнөсөн үйл явдлыг ойлгомжтой, бүрэн харуулж чадсангүй.
К-129-ийн сүйрэл хүйтэн дайны үеийн хамгийн нууцлаг үйл явдлын нэг юм. Хөлгийн багийн бүх гишүүнийг Эр зоригийн одонгоор нэхэн шагнаж, усан цэргүүдийн ар гэрийнхэнд уг шагналыг гардуулсан байдаг. Мөн дурсгалын хөшөө ч босгосон аж. 98 усан цэрэг ямар шалтгааны улмаас амиа алдсан нь одоо хэр тодорхойгүй хэвээр үлджээ.
Бэлтгэсэн: Р.Жаргалант