Хөдөө аж ахуйн бирж (ХААБ)ер нь ашиггүй ажилласаар ирсэн гэхэд болно. Мэдэгдэж буйгаар тус бирж байгуулагдаад ердөө хоёр жилийн дараа буюу 2015 онд 1.4 тэрбум төгрөгийн орлого олж, 1.9 тэрбумын зарлага гарган 509.5 саяын алдагдалтай ажиллажээ. 2016 онд 1.8 тэрбум төгрөгийн зардал гарган, 1.6 тэрбумын орлого олж, 191 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Тиймээс тухайн үеийн захирал Ж.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөлсөн баримт цахим хуудсуудад бий. Түүнчлэн тус биржийн цахим хуудсанд санхүүгийн тайлан байхгүй бөгөөд “Төсөв” гэсэн хэсэгт 2020 онд 295 448 төгрөгийн орлого олж, 1.9 саяын зардал гаргасныг дурджээ. Энэ нь цар тахлаас шалтгаалсан бөгөөд ер нь 2018-2020 онд ашиггүй ажилласныг ХААБ-ийн гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр хэлсэн. ХААБ-ийн санхүүгийн тайланг албан ёсоор бичгээр хүсэлт гарган авч болох гэнэ. Харин үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдгийг СЗХ-ны ажилтнуудаас тодруулахад Үнэт цаасны газрынхан нь “Журмын хүрээнд хяналт тавьдаг. Мөн брокероор ажиллах аж ахуйн нэгжүүдийг бүртгэдэг. Одоогоор найман брокер үйл ажиллагаа явуулж байна” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
ХААБ-ийг анх байгуулахад хонь болон ямааны ноос, ноолуур, хөөвөр, арьс, шир арилжиж байжээ. Тэгвэл 10 жилийн дараа ч бүтээгдэхүүнийх нь нэр, төрөл төдийлөн өөрчлөгдсөнгүй, тосны ургамал, мал, завод ноос л нэмэгдсэн аж. Тус биржээр улаан буудай, мах арилжина хэмээн ярьсаар цөөнгүй жил өнгөрлөө. Тодруулбал, ХААБ-ээр дамжуулан улаан буудай арилжихаар 2021 оноос бэлтгэлээ хангаж эхэлснийг ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, тус биржийн ТУЗ-ийн дарга Ц.Болорчулуун өмнө нь дурдаж байв. Тэрбээр “Цахим хөдөө аж ахуй зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд улаан буудайг ХААБ-ээр дамжуулан арилжих шийдвэр гарч, бид бэлтгэлээ хангаж байна. Блокчейн технологи ашиглан, арилжааг ямар ч сааталгүйгээр зохион байгуулна. Үр тарианы аж ахуй эрхлэгч 1400 компани, иргэний олонх нь биржээр дамжуулан улаан буудайгаа борлуулахад санал нэгдсэн” хэмээн 2021 оны наймдугаар сард мэдээлсэн юм. Гэсэн ч одоо хүртэл эл арилжааг хийгээгүй бөгөөд улаан буудай экспортлох, эсэх асуудал шийдэгдээгүй байгаа гэнэ. ХААБ цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн цөөнгүй ажил бий хэмээн Ц.Болорчулуун товч өгүүллээ. Тус биржийн арилжааны голлох бүтээгдэхүүн нь ноолуур. Өнгөрсөн жил нийт 1.1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн арилжсаны 1.04 их наяд нь ноолуурт ногджээ. Үлдсэн нь ноос, тосны ургамал, амьд малын арилжааных. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн зах зээлийн үнэлгээ жилд 3.7 их наяд төгрөгөөр хэмжигддэг статистик бий. Үүний 30 хүрэхгүй хувийг л бүрдүүлэх борлуулалтад ХААБ оролцсон гэсэн үг. Биржээр дамжуулж бүтээгдэхүүнээ арилжих, борлуулалт бүрт бирж оролцсоноор ямар өгөөжтэй талаар малчид, олон нийт тодорхой мэдээлэлгүй хэвээрээ байна. ХААБ ажиллах, эс ажиллахын ялгааг ч хариулах хүн алга. Энэ талаар ХААБ-ийн гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр “ХААБ хэзээ ашигтай, өгөөжтэй, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах вэ гэж асуудаг. Үүнд ганц хоёр өгүүлбэрээр хариулахад бэрх. Манай улс өргөн уудам газар нутагтай, малчид тархай бутархай суурьшдаг учраас айл бүрээс түүхий эдийг нь бирж авч, худалдан авагчдад нийлүүлэх боломж хомс. Гэхдээ хоршоогоор дамжуулан түүхий эдийг стандартын дагуу бэлтгэх, чанарын шаардлага хангасан орчинд хадгалах, улмаар борлуулахад нь зуучлах зэрэг ажлыг хийж байгаа. Цаашид Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай. Ингэснээр зах зээлд ХААБ-ийн оролцоо нэмэгдэх юм. Шинэчилсэн найруулгад малчдад өгдөг урамшууллыг хоршоо, брокероор дамжуулан түүхий эдээ худалдсан, эсэхэд үндэслэн олгодог, мөн татвар, шимтгэлийг ч уялдуулан ногдуулдаг байвал зохих болов уу.
ХААБ үйл ажиллагаа явуулж эхлэснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын мэдээлэл илүү тодорхой болж, далд эдийн засгийг хянах нөхцөл бүрдсэн” хэмээлээ. Эл хуулийн шинэчилсэн найруулгад юу тусгах талаар холбогдох албаныхан, мэргэжилтнүүд нь хэлэлцэж, ажиллаж буй бөгөөд ирэх сард УИХ-д өргөн мэдүүлэх аж. Манай улс 70 гаруй сая малтай хөдөө аж ахуйн орон. Мал болон малын гаралтай түүхий эдийн зах зээлийн үнэлгээ дээр дурдсанаар жилд 3.7 их наяд гаруй төгрөгт хүрнэ хэмээн 2021 онд тооцсон байдаг. Тиймээс ч хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн зас¬гийн эргэлтэд оруулах нэгдсэн тогтолцоо бий болгох зорилгоор УИХ-аас 2011 онд Хөдөө аж гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль баталжээ. Улмаар 2013 онд Засгийн газраас тогтоол гарган “Хөдөө аж ахуйн бирж” компани бай¬гуулж, Монголд анх удаа түүхий эдийн зах зээлийн харилцааг биржийн тогтолцоогоор зохицуулах боломж бүрдлээ хэмээн сүр дуулиантай мэдээлж байв.
Дээрх хуулийг баталснаар манай 300 гаруй сумд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах тогтолцоо бүхий нэгж бий болох ёстой байв. Хуулийн зорилгыг ч ийн тодорхойлсон бөгөөд өөрөөр хэлбэл, ченжийн дамжлагыг алга болгон, түүхий эдээ стандартын дагуу, чанарыг нь алдагдуулахгүй бэлтгэн, баталгаат агуулахад хадгалж, ХААБ-ээр дамжуулан үнэ хаялцуулан, хамгийн өндөр үнэ, шуурхай захиалгыг баримтлан борлуулахаар болсон. Худалдагч буюу хоршоо, худалдан авагчийг холбон хөдөө аж ахуйн брокерууд арилжаа хийнэ гэсэн үг. Ингэснээр мах, сүү, ноос, ноолуур, арьс, ширний хоршоо, брокерууд зах зээлийн зарчмаар хөгжин, малчид хоршин ажиллах дүр зураг харагдсан. Ийм зорилгын үр дүнд улсын хэмжээнд цөөнгүй хоршоо байгуулагдан, стандартын шаардлага хангасан агуулахын хэмжээг өсгөн, түүхий эдийн арилжаа, дуудлага худалдааг ХААБ-ээр дамжуулж буйг үгүйсгэхгүй. Гэхдээ л байгуулаг¬даад 10 жил болсон ХААБ-ийн үйл ажиллагаа, түүнийг дагалдан хөгжих хоршоод, брокерууд нь малчид, фермерүүдэд төдийлөн танигдаж чадаагүй, биржийн үр өгөөж харагдахгүй байна. Түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортлоход ХААБ-ээр дамжуулсан байх шаардлага тавьдаг, ялангуяа хагас боловсруулсан ноолуурын борлуулалтын дүн өндөр нь ХААБ-ийн жилийн тайланд эерэг үзүүлэлт болсон хэвээр аж. Түүнээс тус биржийнхэн дорвитой үйл ажиллагаа явуулж, хоршоод, брокеруудыг холбон, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлд “тоглож” чадсангүй. Хөдөө аж ахуйн орон атлаа хөдөө аж ахуйн биржээ хөгжүүлж, үр шимийг нь хүртэж чадалгүй олон жил өнгөрлөө.