Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 11 835 хүүхэд байна. Тэдний 1629 нь цэцэрлэгийн насных бөгөөд үүнээс 63 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа аж. Тэгвэл сургуулийн насны 8873 хүүхэд байгаагаас 70.7 хувь нь сурах эрхээ эдэлж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрхийг хангах буюу боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахаар холбогдох хууль, журмуудад тусгасан байдаг.
Холбогдох байгууллагынхан энэхүү үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг тодруулахаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо” төрийн бус байгууллагаас 21 аймаг, есөн дүүрэгт мониторинг хийжээ. Мөн нэгдүгээр ангид элсэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар судалгаа хийдэг, эсэхийг тандсан байна. Мониторингийн дүнд нийслэлд нөхцөл байдал харьцангуй сайн буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа гэсэн дүн гарчээ. Тухайлбал, Багануур, Налайх, Хан-Уулаас бусад дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар судалгаа хийж, тэдний сурах эрхийг хангах чиглэлд анхааран ажиллаж байгааг илрүүлжээ. Харин дээрх гурван дүүргийн үйл ажиллагаа нь хангалтгүй байсан аж. Орон нутгийн тухайд Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл, Хэнтий гэсэн таван аймгаас бусдад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах эрхийг хангадаггүй, энэ чиглэлээр төдийлөн анхаардаггүй, судалгаа хийдэггүй гэсэн дүн гарсан байна. Тиймээс ХНХЯ, БШУЯ зэрэг холбогдох байгууллагынхан уг асуудалд анхаарч, хамтран ажиллах шаардлагатай гэсэн зөвлөмжийг дээрх байгууллагаас гаргасан гэнэ.