Монгол орон даяар зуны цагийн хуваарьт шилжих, эсэх талаар яамдаас санал авч эхэлжээ. Улмаар маргаашийн Засгийн газрын хуралдаанаар яамдаас ирүүлсэн саналыг нэгтгэж, зуны цагийн хуваарьт шилжих, эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар "Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс санал авч байна" хэмээн мэдээлэл өглөө.
Ташрамд дурдахад, Шинэ Зеландын одон орон судлаач Жорж Вернон Хадсон 1895 онд өдрийн гэрэлтүүлэгтэй цагийг ашиглахыг санал болгож байжээ. Үүний дараагаар Герман, Австри-Унгар зэрэг улсуудад 1916 оны дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих болсон байна. Үүнээс хойш дэлхийн олон улс орнууд зуны цагийн хуваарьт шилжсээр ирсэн түүхтэй. Ялангуяа 1970-аад онд болсон эрчим хүчний хямралаас хойш өөрөөр хэлбэл эрчим хүчээ хэмнэхийн тулд олон орнууд нарны гэрэлтүүлгийг ашиглан цагаа урагшлуулдаг болсон аж.