“Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” буцалтгүй тусламжийн төслийн гэрээ солилцох арга хэмжээ энэ сарын 17-нд боллоо. Уг төслийг Японы Засгийн газраас тус улсын “All life line net” төрийн бус байгууллагуудаар дамжуулан манайд хэрэгжүүлэх аж.
Тус байгууллагынхан өмнө нь манай улсад “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлсэн аж. Тэрхүү туршлагадаа тулгуурлан энэ удаад 2024 оны гуравдугаар сарын 19 хүртэл байгалийн ухааны сургалтыг сайжруулах чиглэлээр ажиллах бөгөөд санхүүжилт нь 177 203 ам.доллар гэнэ. Төслийн хүрээнд бага ангийн сурагчдыг байгалийн ухааны хичээлд сонирхолтой болгох, үүнд шаардлагатай хэрэглэгдэхүүнүүдийг бүрдүүлэх, багш нарыг чадавхжуулах зэрэг үйл ажиллагаа явуулахаар болжээ.