Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 1.27 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 259.2 тэрбум буюу 25.6 хувиар нэмэгдсэн дүн ажээ. Үүний 341.8 тэрбумыг нь эрдэс баялгийн салбараас төвлөрүүлсэн нь 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.2 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар өссөн гэсэн үг. Ингэхдээ уул уурхайн салбараас 306.2 (24.1 хувь), газрын тосноос 25.5 (хоёр хувь), тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 2.2 (0.2), бусад орлогоос 7.8 тэрбум төгрөг (0.6) төвлөрүүлсэн тухай УУХҮЯ-наас мэдээлэв. Эрдэс баялгийн салбар нь манай улсын нэгдсэн төсвийн орлогын 26.9 хувийг бүрдүүлснийг мөн дурдлаа. Гэхдээ нэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт төвлөрүүлсэн орлого нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй ганц ашигт малтмал нь нүүрс байжээ. Эл таваараас олсон орлого 85.3 тэрбум төгрөгөөр өссөн аж. Харин зэсийн орлого 53.4 (22.4 хувь), алтных 8.8 (54.9), цайрынх 6.6 (46.6), хайлуур жоншных 6.5 (90.5), төмрийнх 2.1 (66.5), бусад түүхий эдийнх 0.7 (18) тэрбум төгрөгөөр багассан гэнэ.
Ташрамд дурдахад, экспортод гаргах нүүрсний цахим арилжааг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, “Тавантолгой” ХК-ийн хоёр багц буюу 12 800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих бүтээгдэхүүнийг анх удаа худалдлаа. Ингэхдээ дуудах доод үнэ тонн нь 175.2 ам.доллар байсан бөгөөд БНХАУ-ын худалдан авагчид ийм ханшаар арилжсан байна. Тус компанийн нүүрсний дараагийн дуудлага арилжааг өнөөдөр 11.00 цагт явуулан дээрхтэй ижил ангиллын 32 000 тонн нүүрс борлуулна гэдгийг МХБ-ээс мэдээллээ. Түүнчлэн баасан гарагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн таван багц буюу 32 000 тонн хатуу коксжих нүүрсийг дуудлагаар арилжсан юм. Эл арилжаагаар дуудах үнэ 1.96 хувиар өсөж, тонн нь 182.1 ам.долларт хүрчээ.