Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр гурван их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 422.9, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2.8 их наяд болж 318.7 тэрбумаар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 2.8 их наядад хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 22.6 тэрбумын ашигтай гарчээ. Түүнчлэн татварын нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар нэмэгдсэн байна. Үүнд орлогын албан татвар 8.2, нэмэгдсэн өртгийн албан татвар 16.7, нийгмийн даатгалын орлого 17.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 2022 оны мөн үеийнхээс 46.6 хувиар багассан аж.
Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөгт хүрсэн гэнэ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс дөрвөн их наяд төгрөгөөр ахисан дүн бөгөөд валютын харилцах дансны үлдэгдэл 2.2 дахин, валютын хадгаламж 1.6 их наяд төгрөгөөр өссөнтэй холбоотойг дурдлаа. Харин төгрөгийн хадгаламж 12.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 1.4 их наяд төгрөгөөр буурсан гэнэ. Төгрөгийн хадгаламжийн 89.7 хувийг иргэд, үлдсэн нь байгууллага, аж ахуйн нэгжид ногджээ.