Боловсрол, шинжлэх ухааны сайд А/97 дугаар тушаал гаргаж, энэ жил их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх босго оноог баталжээ. Боловсролын тухай болон холбогдох бусад хууль, журмын хүрээнд уг босго оноог жил бүр тогтоодог. Сайдын тушаалын дагуу орон нутаг дахь дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноог 410 байхаар баталсан байна. Өөрөөр хэлбэл, элсэлтийн ерөнхий шалгалтад 410 болон түүнээс дээш оноо авсан хүүхдүүд орон нутаг дахь сургуульд элсэх боломжтой.
Харин Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх босго оноог дээд тал нь 480-аар тогтоосон байна. Ингэхдээ зарим тохиолдолд буюу цөөн тооны мэргэжлээр их, дээд сургуульд элсэх босго оноог 400, 440-өөр тогтоожээ. Тухайлбал, бага ангийн, иргэний боловсролын, эрүүл мэндийн багш, соёл судлал, номын сан, хэвлэл мэдээллийн технологи, зочлох үйлчилгээний чиглэлээр суралцах бол босго оноо 440 байх нь. Түүнчлэн дүрс оношилгоо, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын чиглэлээр суралцагчид 400 онооны босготой байхаар шийдвэрлэжээ. Эрэлттэй, нэн даруй бэлтгэх шаардлагатай мэргэжлийн элсэлтийн оноог ийнхүү арай бага байхаар тооцсон аж. Өнгөрсөн жилийн тухайд босго оноог мэргэжлийн ангиллаар бус, их, дээд сургуулийн түвшнээр тогтоож байв. Тухайлбал, их сургуулийн босго оноо 480, дээд сургуулийнх 440, коллежийнх 400, орон нутгийн сургуулиудад 410 байсан юм.