Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Боловсролын төлөө түншлэгчдийн цугларалт зохион байгуулж, зөвлөлдөх уулзалт хийлээ. Шангри-Ла зочид буудалд өнөөдөр болсон энэхүү түншлэгчдийн зөвлөлдөх уулзалтад салбарын сайд, албаны төлөөллүүд, гаднын донорууд, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагынхан оролцож, санал бодлоо хуваалцав. Монгол Улсын Засгийн газраас уулзалтын эхэнд боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлогоо танилцуулсан. Уулзалтаас гарах гол үр дүн бол гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийн байнгын ажиллагаатай механизмыг бүрдүүлэх юм гэдгийг Л.Энх-Амгалан сайд онцолсон. Улмаар бүлгийн гишүүн байгууллагууд улирал тутам хуралдаж, тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдэх арга зам, санхүүгийн болон техникийн дэмжлэгийг тодорхойлдог болох аж. Гаднын байгууллага болоод дотоодын ТББ-ын төлөөлөл энэхүү зөвлөлдөх уулзалтыг өөр өөрийнхөөрөө дүгнэж үгээ хэлсэн юм.
Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ болон зарцуулалт, гарсан үр дүнгийн талаар тодруулахад “Япон, Германы Засгийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ, “Жайка”, “Койка” зэрэг олон улсын донор байгууллага манай боловсролын салбарт хөнгөлөлттэй зээл олгосоор ирсэн. Мөнгөн дүнгээрээ боловсролд 760 орчим сая орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Дээр нь Мэргэжлийн боловсролын салбарт 300 орчим сая төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нийт дүнгээр нь аваад үзвэл бараг нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгийг боловсролын салбарт татсан. Монгол Улсын нийт өрийн 15 орчим хувийг дээрх зээл тусламж эзэлж байна. Өдгөө манай улсын өрийн босго дээд цэгтээ тулсан. Дээр нь авсан зээл үр өгөөжөө өгсөн үү, тухайн тусламжийн авснаар боловсрол, шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын салбар хөл дээрээ тогтож чадсан уу гэвэл эргэлзээтэй. Цаашдаа зээл, тусламж авах нь ихээхэн хүндрэлтэй болсон. Тиймээс эл зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, цаашдаа боловсролын салбарт олгож буй донор байгууллагуудын зээл тусламжийг илүү бага хүүтэйгээр, урт хугацаанд өгөх ямар боломж байна вэ хэмээн шийдэл хайж буй. Ер нь бусад улс орон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтраад зарим салбар тэр дундаа боловсролын салбарт өгсөн зээлээ тэглүүлж эхэлсэн. Бидэнд бас ийм боломж байна уу гэдгийг ярьж, хэлэлцэж байна” хэмээх хариултыг өгсөн юм.
Түүнчлэн Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран “Азийн хөгжлийн банк Монголд 1991 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн. Өнөөгийн байдлаар манай банк боловсролын салбарын олон төсөл хөтөлбөрт 200 орчим сая ам.долларын санхүүгийн тусламж үзүүлээд буй. Цэцэрлэг, дунд сургууль, МСҮТ, их дээд сургуульд ихээхэн хөрөнгө оруулсан. Онцолж хэлэхэд “Үр дүнд суурилсан зээл” хөтөлбөрийг цааш хамтарч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, 2020 онд боловсролын салбарын урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг донор байгууллагуудтай хамтарч боловсруулсан. Үүнийг хэрэгжүүлэхэд “Үр дүнд суурилсан зээл” хөтөлбөр дэм болох болов уу. Ер нь боловсролын салбарын мастер төлөвлөгөөг гурван удаа боловсруулахад Азийн хөгжлийн банк дэмжиж, оролцсон. Ер нь манайх олгосон зээл, төсөл хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг байнга хянадаг. Мөн манай хөнгөлөлттэй зээлийн сан арилжааны банкаас маш бага, нэн хөнгөлөлтэй хүүтэй зээлийг урт хугацаанд олгож ирсэн. Тиймээс юу болохгүй байна, юунд анхаарах вэ гэдгээ үнэлдэг. Төслийн үр өгөөж хэр байгааг алхам тутамдаа анхаардаг” хэмээсэн.
Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки “Монгол Улс боловсролын салбараа дээшлүүлэхэд асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ Монголын хүн ам тийм их биш, 3.5 сая шүү дээ. Тиймээс олон улсын донор байгууллагаас сайн хөрөнгө татаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Манай улс дэлхийн II дайны дараа боловсролын салбартаа шинэ бодлого хэрэгжүүлсэн. Гадаадад хүмүүсээ сургасан. Гэхдээ шууд хуулах биш гадаадын боловсролыг нутагшуулж авсан. Тиймээс өнөөгийн Японы улсын сургуулиудын чанар сайн. Ер нь салбар салбартаа шалгарсан сайн их, дээд сургууль олон бий. Манай нутагт багш нарын цалин тийм сайн биш ч амьжиргаанд нь хангалттай хүрдэг. Манай улсаас 1000 инженер хөтөлбөрийг цаашид дэмжинэ. Олон улсын байгууллагаас тус тусдаа хандив тусламж үзүүлэх биш хамтраад боловсролын салбарыг дэмжээч гэсэн саналыг хүндэтгэн хүлээж авч байна” хэмээсэн юм.
Харин “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “Боловсролыг дэмжигч донор байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийн байнгын ажиллагаатай механизмыг бүрдүүлэхээр анх удаа хуралдаж байгаа нь түүхэн үйл явдал. Өмнө нь тус тусдаа уулзалт хийдэг байв. Эндээс гарах үр дүн нь донор байгууллагууд өөр өөрийн бодлоо Монголд тулгадаг биш, харин төрийн бодлого тэр дундаа Алсын хараа-2050-д орсон урт дунд хугацааны боловсролын бодлогыг дэмжиж, хөрөнгө оруулдаг, мөнгөө өгдөг болох юм. Үүнийхээ хэрэгжилтийг жил болгон хэлэлцэх байх гэсэн хүлээлттэй байна” хэмээн байр суурь илэрхийллээ.