Хүүхдийн номын ордныхон “Соёлын өв” гэсэн сургалт явуулж эхэлжээ. Хүүхэд багачуудад монгол уламжлал, ёс заншил, хувцас, идээ ундааны соёлын талаар мэдээлж, мэдлэг өгөх нь уг сургалтын зорилго аж. Үүний хүрээнд хүүхдүүд багш нарын удирдлагад тараг бүрж, баривч эсгэн оёж, сампин болон чөдөр, ногт зангидаж сурах юм байна. Сургалтын эхний ангийг сар шинийн баярын өмнө хичээллүүлсэн аж. Эдүгээ дараагийн ээлжийнхийг явуулахаар хүүхдүүдийг бүртгэж буй гэнэ. Цаашид эрэлттэй бол энэ хичээлийн жилийг дуустал сургалт явуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн Ж.Гэрэл