Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Гадаад валютын улсын нөөц 2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 21 хувиар өсжээ. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ. Мөн Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг мөрдөж буй. Өнгөрсөн сарын 9-нд анхны цахим арилжааг эхлүүлсэн. Үүнээс хойш нийт таван арилжаа зохион байгуулж, 204.8 мянган тонн нүүрсийг дуудлага худалдаагаар анхны үнээс 0-12.2 хувиар өсгөн, 37.3 сая ам.доллартой тэнцэх хэмжээний валютаар худалдсан байна.