Хөдөө аж ахуйн салбарын зарим мэдээллийг ХХААҮЯ-наас өчигдөр өглөө. Малчид өвс 1.1 сая, сүрэл 15, ногоон тэжээл 88, үйлдвэрийн тэжээл 32.4, гар тэжээл 47.9, дарш 13.1, хужир, шүү 92.2 мянган тонныг бэлтгэснээс 80 хувийг нь зарцуулаад байгаа аж. Энэ он гарснаас хойш манай улс 15.6 мянган тонн мах экспортлоод буй гэнэ. Мөн 23 380 толгой хонь, ямаа, 30 толгой адууг амьдаар нийлүүлсэн дүн гарчээ.
2023 он гарснаар 483 593 толгой том мал зүй бусаар хорогджээ. Хамгийн их хорогдолтой нь Увс (64 057), Сүхбаатар (71 872), Завхан (57 873), Архангай (67 524), Ховд (33 447) аймаг гэнэ. Зудтай болон зудархуу сумын тоо 25-аар буурсныг мөн мэдээлэв. Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр малын тарга хүчний байдал өмнөх сарын сүүлчээр нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байжээ. Энэ сард нийт нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарсан. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим орох гэнэ. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас бага, сүүлийн хагаст нь ахиу байх буюу үе үе ихэнх нутгаар нойтон цас орж, цасан болон шороон шуургатай байх төлөв гарчээ.
Бэлтгэсэн Б.Сонор