Ахлах ангийн 300 эмэгтэй сурагчийг хамруулж буй “Монгол охид дэлхийд-2023” менторшип хөтөлбөрийг өнгөрсөн баасан гарагт нээлээ. Уг хөтөлбөрийг “Дэлхийн мөрөөдлийн сургууль” НҮТББ санаачилж, үндсэн зохион байгуулагчаар “Зууны 100 эмэгтэй” төслийг санаачлан хэрэгжүүлэгч “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ ажиллаж буй аж. Дээрх менторшип хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүргийн, англи хэлний зохих шалгуурт тэнцсэн, ахлах ангийн сурагч охидыг хамруулж байгаа нь онцлог. Энэхүү хөтөлбөр ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд танхим болон цахим хэлбэрээр зургаан үе шаттай үргэлжлэх нь.
“Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын тэргүүн Д.Энхжаргал “Монгол охид дэлхийд” менторшип хөтөлбөр хэрэгжүүлж буй нь сурагчдыг гадаадын томоохон их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах хүсэл эрмэлзэлтэй, ирээдүйн зорилгоо эх орныхоо хөгжил дэвшилд чиглүүлсэн, цаашлаад дэлхийд үнэлэгдэх чадвартай иргэн болгоход нөлөөтэй. Хөтөлбөрт гадаадын их, дээд сургуулийг амжилттай төгссөн 60 орчим ментор сайн дураар оролцон, туршлагаасаа хуваалцаж, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах зэргийн талаарх мэдээлэл өгнө” гэв. Уг хөтөлбөрийг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн Ц.Ундрал