Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”, “Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл 2023” үзэсгэлэн зохион байгуулсныг өнгөрсөн баасан гарагт салбарын яамнаас мэдээллээ. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд тус салбарын баялаг бүтээгчдийн саналыг сонсож, бодлого, шийдвэрт нарийвчлан тусгах зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Энэ үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэлт, дээрх хөдөлгөөний хүрээнд эл салбарт хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээний тухай, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын санхүүжилт, үндэсний үйлдвэрлэл ба экспорт зэргийн талаар УИХ, Засгийн газрын гишүүн, мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн төлөөлөл танилцуулсан юм. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах, тахианы аж ахуйн үйлдвэрлэл ба хүн амын хүнсний хангамж дахь оролцоо зэрэг сэдвээр илтгэл тавилаа. Бас “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба төрийн оролцоо”, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хувийн хэвшлийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөлдөв.
Дээрх үзэсгэлэнд төрийн 50 гаруй байгууллага, 100 орчим үйлдвэрлэгч оролцжээ. Үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа, бүтээгдэхүүнийг нь танилцуулах зорилготой эл үзэсгэлэнд төрийн дээрх тооны байгууллага дотоодоос авдаг бараа, бүтээгдэхүүн, 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулав. Мөн үйлдвэр эрхлэгчид төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой бараа, бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Үзэсгэлэнгийн үеэр ХХААХҮЯ, ЖДҮГ, Татварын ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Стандартчилал, хэмжил зүйн газар зэрэг байгууллага төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авсан бараа, бүтээгдэхүүний мэдээлэл, худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох, стандарт, тохирлын баталгаажуулалт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийн талаар сургалт, мэдээлэл өгчээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр дотоодын үйлдвэрүүдээс бүтээгдэхүүн худалдан авсан дүн 2015 онд 60.6, дараа жил нь147.5, 2017 онд 187.6, 2019 онд 225.1 тэрбум төгрөгт хүрсэн аж.
Бэлтгэсэн Б.Сонор