МХБ 2022 оны үйл ажиллагааны тайлангаа өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Тус бирж олон улсын зэрэглэлтэй болох зорилт өнгөрсөн жил биелж “FTSE russell” группийн “Хөгжиж буй зах зээлийн жагсаалт”-д багтсан нь дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчидтай холбох чухал үйл явдал болсныг уг тайланд онцолжээ. Банкны тухай хуулийн дагуу “Төрийн банк”, “Голомт банк” ХК хувьцаагаа олон нийтэд санал болгон арилжсаныг мөн дурдлаа. Түүнчлэн МХБ нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгосныг тэмдэглэжээ.
Тус бирж 2022 онд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, дөрвөн тэрбумын зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 297.6 саяын цэвэр ашигтай ажилласан байна. Тайлант хугацаанд 696.5 сая төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр барагдуулж, улсын төсөвт 734.6 саяын татвар, хураамж төлжээ. Мөн 2021 оны ашгаас 1.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн аж. Өнгөрсөн жил өдрийн дундаж арилжаа 2.4 тэрбум төгрөгт хүрч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ оны эцэст 6.89 их наяд болж, түүхэн дээд хэмжээнд хүрснийг дурдлаа. Үүнд дотоодын хөрөнгө оруулагчид идэвхжиж, иргэдийн хөрөнгө оруулах хандлагад томоохон өөрчлөлт гарсан нь нөлөөлсөн бөгөөд биржийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрөл нэмэгдсэн нь зах зээл өргөжихөд түлхэц үзүүлсэн аж.
МХБ-ийн зах зээлийн үнэлгээ долоон их наяд төгрөгт дөхсөнийг бид өмнө нь мэдээлсэн. Эл дүн өнгөрсөн баасан гарагт 7.01 их наядад хүрснээр түүхэн дээд түвшнээ шинэчилсэн юм. Ташрамд дурдахад, тус биржийн зах зээлийн үнэлгээ 1995 оны наймдугаар сард 8.24 тэрбум төгрөг байжээ. Тэгвэл 2006 оны аравдугаар сард 105.9 тэрбумд хүрсэн нь 100 тэрбумыг давсан анхны тохиолдол байсныг статистикаас харж болно. Түүнчлэн 2010 оны наймдугаар сард 1.02 их наядад хүрчээ. Дараа жилийнх нь нэгдүгээр сард дээрх тоо 2.25 их наяд болсон аж. Хэдийгээр хоёрдугаар сард нь зах зээлийн үнэлгээ анх удаа 3.49 их наядад хүрсэн ч дараа сард нь 2.45 их наяд болж буурчээ. Хоёр жилийн өмнө буюу 2021 оны гуравдугаар сарын 3-нд эл дүн 3.54 их наяд байсан юм. Тус оны наймдугаар сарын 5-нд 4.13 их наядад хүрсэн үзүүлэлт бий. Энэ нь уг дүн дөрвөн их наяд давсан анхны тохиолдол бол өдгөө ийнхүү долоон их наяд боллоо. Сонирхуулахад, өнгөрсөн оны байдлаар үнэт цаасны данстай иргэн 2.5 саяд хүрчээ. Тэгвэл өдөрт арилжаанд 3000 орчим хөрөнгө оруулагч оролцсон гэнэ.