“Та нар бүгд худалч. Ах аа, ээж ээ, та ч гэсэн муу хүн”. Амьсгаа хураасан аавынхаа араас харуусан хашхирах охины гаслан. Түрүүхэн идэж, ууж, хөгжилдөн цэнгэж байсан энэ гэр бүлийнхэн эдүгээ бие биеэ хэмлэж, нэг нэгнийхээ үнэнийг илчилцгээж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны “Шөнө буусан аадар” жүжиг дахин амилж буй нь энэ. Тэртээ 18 жилийн өмнө энэхүү бүтээлийг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар “Шөнө амталсан нулимс” нэрээр тайзнаа тавьж, олон ч удаа тоглон, үзэгчдийг хуйлруулж байсан билээ. Эдүгээ “Мөрөөдлийн театр”-ынхан уг жүжгээр Соёлын төв өргөөнд “аадар буулгаж” эхэллээ. Найруулагч нь УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав. Тэрбээр ОХУ-д театр, урлагийн дээд сургууль төгсөж ирээд удаагүй байгаа юм.
УИХ-ын гишүүн аав нь яагаад гэнэт тэр шөнө нас эцэслэв. Амиа хорлосон уу. Түүнийг атгандаа авч, утсан хүүхэлдэй болгон, улс төр, бизнесийн орчинд хүссэнээ хийлгэж байдаг чинээлэг бизнес эрхлэгчийн оролцоо бий юү. Гэрийн эзэгтэй яагаад худалч, муу хүн болов. Ах нь чбас. 2005 онд үзсэн хүмүүс санах байх. Талийгчийн том охиныг Чимгээ гэдэг байсан бөгөөд тэрбээр аав нь найзаа гэж үздэг чинээлэг бизнес эрхлэгчийн нууц амраг. Гэтэл одоо найруулагч тэр охиныг нь хүүгээрсольж, улмаар өнөөх бийлэгжүү эрийн амраг болгожээ. Өөрөөр хэлбэл, ижил хүйстнүүдийн харилцаагаар жүжгийг цус сэлбэсэн байна. Эх зохиолд гар хүрэхийг цаг хугацаа шаардсан аж. Эдүгээ “Шөнө буусан аадар” жүжигт ээжийн дүрийг амилуулж буй Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг 2005 онд Н.Наранбаатарын найруулагчийн бүтээлд УИХ-ын гишүүний бага охины дүрийг бүтээж байсан нь сонирхолтой.
Найруулагч Э.Ёндоншараваас бүтээлээрээ хүмүүст юу хэлэхийг хүссэн талаар асуухад “Ямар нэгэн юм хэлэхийг хүсээгүй. Амьдралын нэгэн үзэгдлийг гаргаж тавилаа. Үзэгчид хэрхэн хүлээж авсныг мэдэхгүй. Янз бүрийн сэтгэгдэл, бодол төрсөн байх. Би бол зохиолч хүн төрөлхтний “худлаа”-гийн тухай ахуйгаар дамжуулж харуулахыг, үзүүлэхийг, хэлэхийг хүссэн юм болов уу гэж ойлгосон. Тийм ч болохоор бурхан гэж байдаг бол, тэр ирээд ч өөрчилж, зохицуулж чадахгүй “худал” хүн төрөлхтөнд байдаг гэдэг талаас ньхандсан. Би одоо найруулагчийн үүднээс таны асуултад хариулаад зогсож байна. Аавынхаа өмнө өөр хүн. Тэс өөр хүний хажууд бас санаанд оромгүй өөр хүн болчихсон байх ч юм бил үү. Тэгэхээр “худал”-ын цаадах үнэнийг эрж хайх гэсэн оролдлогыг үзэгчид олж харж магадгүй юм” гэлээ.
Талийгч буюу УИХ-ын гишүүн Тэрбиш гээчийн дүрд тоглосон жүжигчин, “Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Алтаншагай “Ц.Балдорж гуай одоогоос 19 жилийн өмнө уг жүжгийн зохиолыг бичихдээ тухайн үеийн нийгмээ хурц шүүмжилсэн. Гэтэл түүнээс хойш байдал сайжраагүйгээр үл барам улам бохирдож, идээ бээр нь илүүтэй бугшиж байна. Тийм болохоор энэ бүтээлийг дахин нэг удаа амилуулах цаг нь мөн гэж үзсэн. Хэрвээ өнгөрсөн хугацаанд нийгэм гэгээлэг болсон бол энэ жүжгийн хэрэг байхгүй. Харин ч эсрэгээрээ маш гоё, амьдралын сайхны тухай өгүүлсэн бүтээл төрүүлэхийг хүсэх байсан болов уу” гэж ярилаа. “Мөрөөдлийн театр”-ынхан үзэгчдээ Соёлын төв өргөөнд энэ сарын 9-нийг дуустал өдөр бүр 19.00 цагт тоглох шинэ бүтээлдээ урьж байна.