“Уур амьсгалын өөрчлөлтөд хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” төслийн хүрээнд 2022-2023 онд мал аж ахуйн тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулах зорилгоор хийж буй зөвлөх үйлчилгээний явцын тайланг өчигдөр хэлэлцсэнийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Үүнд бэлчээрийн экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг таниулах, мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг өсгөхөд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг асуудлыг багтаажээ. Хэлэлцүүлгийн үеэр ХХААХҮЯ-ны Хяналт, шинжилгээ-үнэлгээ дотоод аудитын газраас дээрх төслийн хүрээнд хийж буй зөвлөх үйлчилгээний үр дүн нь мал аж ахуйн салбарын хууль эрх зүй, бодлогын орчныг боловсронгуй болгох, бэлчээр, усны нөөцийн экосистемийн үнэ цэнийг тооцоход онцгой хувь нэмэр оруулахыг дурдлаа. Мөн зөвлөх үйлчилгээний дараагийн шатны тайланг дахин хэлэлцэн, үр дүнг сайжруулан, хэлэлцүүлгээс гарах саналыг салбарын яамнаас боловсруулж буй Хөдөөаж ахуйн тухай болон Мал аж ахуйн хөгжлийг дэмжих хуулийн төсөлд тусган, хамтран ажиллахаар болсныг мэдээллээ.