. Тухайлбал, хөрөнгийн зах зээлд хоёр банк олон нийтэд хувьцаагаа арилжин нээлттэй болсноор зах зээлийн үнэлгээ өмнөх оныхоосоо 15.2 хувиар өсөн 6.9 их наяд төгрөгт хүрсэн аж. Мөн 594.5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсанаас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зах зээлд нийлүүлэлт ихтэй жил болсныг дээрх хорооноос тодотгов. Тэгвэл биржийн бус зах зээлд 52 компанийн бонд борлуулан 498.3 тэрбумыг татан төвлөрүүлжээ.
Даатгалын зах зээлийн хөрөнгийн хэмжээ өмнөх оныхоосоо 11.6 хувиар нэмэгдэн 474.9 тэрбум төгрөгт хүрснээр тогтвортой өсөлтөө хадгалж чадсан гэнэ. Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд 483.4 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий зүйлсийг даатгасан дүн гарчээ. ББСБ-уудын хөрөнгө 30.2 хувиар ихсэж 3.5 их наяд төгрөгт хүрсэн аж. Харин ХЗХ-нуудын зээлийн үлдэгдэл өмнөх оныхоосоо 1.5 хувиар багасан 210.2 тэрбум болжээ. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт 1.7 их наяд төгрөгийн худалдах, худалдан авах, 102.1 тэрбумын ийм хөрөнгө хөлслүүлж, түрээслүүлэх үйл ажиллагааг зуучилсан нь өмнөх жилийнхээсээ багагүй өссөн дүн гэнэ. Үнэт металл, үнэт чулууны арилжааг 47 хуулийн этгээд, 465 иргэн тусгай зөвшөөрөлтэйгөөр хийж буй бөгөөд тэд 2022 онд 670.8 тэрбумын үнэт металл худалдаж, 700.1 тэрбумынхыг худалдан авчээ.
Ташрамд дурдахад, хувьцаат компаниуд, даатгагч, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд СЗХ-ноос шинэчлэн баталсан “Компанийн засаглалын кодекс”-ыг дагаж мөрдөж буй. Үүний дагуу 116 компанийн кодексын хэрэгжилтийн тайланг дээрх хороо хянаж байгаа аж. Тэдгээрт давтан үнэлгээ хийхэд зохицуулалттай салбаруудад кодексын хэрэгжилтийн үнэлгээ өнгөрсөн оны эцэст дунджаар 16.4 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Мөн энэ оны эхээр МХБ-ийн I, II ангилалд бүртгэлтэй компаниудын кодексын хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулж, түүнийг харгалзан хугацаатай үүрэг даалгавар өгч эхэлсэн байна. Улмаар биелэлтийг нь хангуулж, ирэх тавдугаар сард давтан үнэлгээ хийх нь. Ингэснээр кодексын хэрэгжилтийн үнэлгээний үр дүнд суурилсан компанийн засаглалын зэрэглэл тогтоох ажил зохицуулалтын салбаруудад бүрэн хэрэгжих гэнэ. Уг кодексын хэрэгжилтийг аргачлалын дагуу үнэлэх, нэгдсэн тайлан гаргаж, салбар тус бүрийн засаглалын зэрэглэлийг тогтоох нь компанийн засаглалын тухайн үеийн нөхцөл байдал, эрсдэл, чиг хандлагыг тодорхойлон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь шаардагддаг чанарын үзүүлэлтийг бий болгох ач холбогдолтой аж.
Бэлтгэсэн Б.Сонор