Шинжлэх ухааны академиас “Энтрепренер судлаач” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн нээлтийг өчигдөр хийсэн бөгөөд энэ нь эрдэмтэн, судлаачдын ажлын үр дүн, үнэ цэнийг нэмэгдүүлж, судалгааны ажлыг нь эргэлтэд оруулах зорилготой аж. Үүний хүрээнд шинжлэх ухааны болон бизнесийн байгууллагын түншлэлийг бий болгож, оюуны бүтээл, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. “Энтрепренер судлаач” хөтөлбөрт хамрагдахаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас 400 орчим оролцогч бүртгүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд тэднээс 150-200-г нь энтрепренер судлаачаар бэлтгэх аж. Мөн 15-20 төслийг боловсруулан хөгжүүлж, технологийн зүгшрүүлэлт хийх гэнэ. Түүнчлэн 1-2 үйлдвэр байгуулан, үйл ажиллагааг нь үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд хүртэл хөгжүүлж, дэмжих нь. “Энтрепренер судлаач” хөтөлбөрийг 2023-2024 онд хэрэгжүүлэх аж. Ташрамд дурдахад, ШУА нь “Энтрепренер судлаач” хөтөлбөрийг анх 2018 онд хэрэгжүүлсэн. Тухайн үед зөвхөн харьяа хүрээлэнгүүдээсээ 21 судлаачийг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулсан байна. Үүний үр дүнд хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж, зах зээлд нэвтрүүлжээ. Тэгвэл энэ удаад дээрх хөтөлбөрөө үндэсний хэмжээнд зохион байгуулж буйгаараа онцлог аж.
Бэлтгэсэн М.Оч