Газар зүйн багшаар олон жил ажилласан Х.Туяа агсны зохиосон танин мэдэхүйн сурах бичгийг Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хэвлүүлж, орон нутгийнхаа бүх сургуульд хүлээлгэн өгчээ. “Өмнөговь” танин мэдэхүйн сурах бичгийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх нутгийнхаа түүх соёл, археологи, палеонтологийн үнэт дурсгал, биологийн төрөл зүйлийг танин мэдэх, үзэсгэлэнт газруудтай танилцах боломж олгох зорилгоор бүтээсэн байна. Мөн биологи, газар зүйн мэргэжлийн багш нарыг гарын авлагаар хангах зорилготой аж. Эл сурах бичигт хүүхэд, залуусын экологийн боловсролыг дэмжих танхимын бус сургалтын календарьчилсан хөтөлбөрийг тусгаснаараа онцлог гэнэ.
Х.Туяа нь байгаль хамгаалагч хүүхдүүдийн “Шонхор” клуб, Байгальд эвсэг багачуудын холбоог байгуулсан бөгөөд сурагчдын дунд танин мэдэхүйн сургалт, аяллын хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж байжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл