ШУА эрдэм шинжилгээний ажилтнуудыг дэмжин урамшуулах зорилгоор жил бүр “Шилдэг судлаач”, “Шилдэг залуу судлаач” шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл 2022 оны “Шилдэг судлаач”- аар Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Э.Уянга, “Шилдэг залуу судлаач”- аар Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Пүрэвдорж шалгарлаа. Тэдний шагналыг өчигдөр гардуулав.
Шилдэг судлаачдыг тодруулахдаа мэргэжлийн ур чадвар, судалгааны ажлын түвшин, хэрэглээний ач холбогдол, үр дүн, олон улсад үнэлэгдсэн байдал зэргийг харгалзан ШУА-ийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Доктор Э.Уянгын хувьд нано хэмжээст шинэ материалын кристалл, соронзон, электрон бүтцийг нейтрон, рентген, синхротрон туяаны аргуудаар судлах, тэдгээрийн физик шинж чанарыг тодорхойлох чиглэлээр сүүлийн дөрвөн жил ажиллаж байгаа аж. Тэрбээр 2015 оноос хойш эрдэм шинжилгээний 30 орчим өгүүлэл хэвлүүлсэн бол өнгөрсөн жил хянан магадалгаа бүхий дөрвөн сэтгүүлд бүтээлээ нийтлүүлжээ. Харин Э.Пүрэвдорж эмийн болон хорт ургамлын биологийн идэвх, түүхий эдийн стандартчиллын чиглэлээр өргөн хүрээний судалгаа хийжээ. Монгол орны таван зүйл ургамлаас бага молекулт 100 гаруй нэгдэл ялгаж, бүтцийг нь тогтоосон гэнэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон улсын болон дотоодын сэтгүүлд 14 өгүүлэл хэвлүүлжээ.