2022 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараах, эсэхээ хувьцаат компаниуд мэдэгдсээр байна. Ийм ашиг тараахаа мэдэгдсэн компаниудын тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэдгээрээс гадна “Улаанбаатар хивс” компани нэгж хувьцаандаа 1570, “Төрийн банк” 63.68, “Э-Транс ложистикс” гурав, “Үндэсний хувьчлалын сан” нэгж эрхэд 2.3 төгрөгийн ногдол ашиг тараахаар болжээ. Мөн “Тавантолгой” компани 2022 оны бизнес төлөвлөгөөндөө 61 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор тусгаж байсан бол нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбумыг тараахаар шийдвэрлэсэн аж. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “28 компани 220 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар зарлаад байсан бол “Тавантолгой” 144 тэрбум төгрөг тараахаар шийдвэрлэснээр нийт ногдол ашгийн хэмжээ 364 тэрбум болж байна. Энэ нь түүхэн дээд үзүүлэлт юм” хэмээн тэмдэглэлээ. Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс өнгөрсөн баасан гарагт 40 040 нэгж болов. Тус индекс нэг жилийн өмнө ийм түвшинд хүрч байснаас хойш дахин 40 000 нэгж давсан нь энэ. Мөн эл өдөр зах зээлийн үнэлгээ долоон их наядад дөхөж, 6.96 их наяд төгрөг боллоо.