МХБ-д бүртгэлтэй ХК-иуд 2022 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараахаар шийдвэрлэснээ мэдэгдэж эхлээд байна. Дараах компаниуд ийм ашиг тараахаар болсныг МХБ-ээс өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. “Голомт банк”-ны ТУЗ нэгж хувьцаандаа 50 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн аж. Үүнийг авах эрхтэй үнэт цаас эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ҮЦТХТ ТӨХХК-иар дамжуулан, зохицуулагч байгууллага зөвшөөрөл ирүүлснээс хойш 60 хоногийн дотор хуваарилахаар шийдвэрлэжээ. Мөн “Материалимпекс” нэгж хувьцаанд 300 төгрөгийн ногдол ашиг тараах нь. Эл мөнгийг ҮЦТХТ-өөр дамжуулан арванхоёрдугаар сарын 31-ний дотор хуваарилах юм байна. “Түмэн шувуут” ХК нэгж хувьцаанд 10.7 төгрөгийн ногдол ашиг тараах бөгөөд есдүгээр сарын 30-ны дотор хуваарилах гэнэ. Түүнчлэн “Булигаар” нэгж хувьцаандаа 0.25 төгрөгийн ногдол ашиг тараах агаад есдүгээр сарын 1-нээс эхлэн олгох нь. “Монос хүнс”-ийн хувьд нэгж хувьцаанд 2.4 төгрөгийн ногдол ашгийг ҮЦТХТ-өөр арванхоёрдугаар сарын 1-нээс олгохоор төлөвлөжээ.
“Баянгол” ХК нэгж хувьцаанд 300 төгрөгийн ногдол ашиг тараах бөгөөд өөрийн байран дээр есдүгээр сарын 1-нээс эхлэн олгох аж. “Гермес центр” 2022 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 7.50 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон агаад үүнийг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг ирэх сарын 10-наар тасалбар болгож, ҮЦТХТ-өөр дамжуулан дөрөвдүгээр сарын 15-ны дотор олгох нь. “Гутал” ХК өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1000 төгрөгийн ногдол ашгийг өөрийн байран дээр ирэх тавдугаар сарын 1-нээс олгохоор шийдвэрлэжээ. “Талх чихэр” нэгж хувьцаанд 350 төгрөгийн ногдол ашгийг өөрийн байран дээр ирэх аравдугаар сарын 1-нээс олгох гэнэ. “Инвескор” нэгж хувьцаанд 38 төгрөгийн ногдол ашгийг ҮЦТХТ-өөр дамжуулан зургадугаар сарын 30-ны дотор тараах аж. “Тахько” нэгж үнэт цаасанд 108 төгрөгийн ногдол ашгийг дээрх төвөөр дамжуулан тавдугаар сарын 1-ний дотор олгохоор болжээ. Тэгвэл “Хүрд” компани нэгж хувьцаандаа 953.5 төгрөгийн ногдол ашгийг зургадугаар сарын 30-ны дотор тараах юм байна. “Адуунчулуун” нэгж хувьцаанд 50 төгрөгийн ногдол ашгийг зургадугаар 30-ны дотор олгох нь.
Ташрамд дурдахад, МХБ-д бүртгэлтэй ХК нь Үнэт цаасны зах зээлийн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор эл биржид хүргүүлэх ёстой. Баасан гаргийн байдлаар бүртгэлтэй 183 компаниас 97 нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг ханган санхүүгийн тайлангаа ирүүлжээ. Бусад компани энэ сарын 28-ны дотор санхүүгийн тайлангаа ирүүлэхгүй бол МХБ-ийн холбогдох журмууд, Бүртгэлийн гэрээнд заасны дагуу хариуцлагын арга хэмжээ ногдуулахыг анхаарууллаа. Мөн “Богд банк” ХК нэгж хувьцаагаа 20 хуваахаар шийдвэрлэж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг СЗХ-нд ирүүлснийг хэлэлцэн шийдвэрлэсэн тул арилжааг нь баасан гаргаас эхлэн түр зогсоосныг мэдэгдэв.
Бэлтгэсэн Б.Сонор