Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн С.Түмэнжаргалын гэр бүл Улсын аварга фермерээр шалгарч, өнөөдөр цол, шагналаа гардан авлаа. Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудыг төлөөлөн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө тэдэнд шагналыг нь гардуулж, баяр хүргэв.
С.Түмэнжаргал, түүний гэргий Д.Анхзаяа нар нь Говь-Алтай аймгийн Бигэр сумаас 2011 онд Улаанбаатар хотод шилжин ирж, өдгөө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд ам бүл зургуулаа аж төрж байна. Тэд сүүлийн 10 гаруй жил сүүний үхрийн фермер эрхлэн амьдарч байгаа юм. Тэднийх 140 гаруй тоо толгой үхэртэй бөгөөд сүүгээ “АПУ” ХК-д нийлүүлдэг аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Сар шинийн баяр болох гэж буй энэ үед улсын хүндтэй цол хүртсэн танай гэр бүлд баяр хүргэе. Улс, нийслэлдээ үнэтэй хувь нэмэр оруулж, өнөөдөр энэ шагналыг хүртлээ. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар салбарын яамтайгаа уялдаж, фермерүүдийн нийслэлээс хүсэж буй тусламж дэмжлэгийг уламжлан ажиллаарай. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаагийн давуу талыг ашиглах хэрэгтэй” хэмээлээ.
Улсын аварга фермер С.Түмэнжаргал “Улсын аварга фермер гэх эрхэм цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Үйл ажиллагаанд маань том хөшүүрэг боллоо. Цаашдаа фермерийн аж ахуйгаа улам эрчимжүүлнэ” хэмээн баярын сэтгэлдлээ илэрхийлсэн юм. Мөн мал аж ахуй, фермер эрхэлж буй иргэдэд тоног төхөөрөмж авахад нь хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр тусалж, дэмжвэл хэрэгтэй, үйл ажиллагаагаа хурдан өргөжүүлж чадна гэдгийг онцолж байв.
Харин түүний гэргий, Улсын аварга фермер Д.Анхзаяа “Би МУИС-ийг багш мэргэжлээр төгсөж, нутагтаа таван жил багшлаад, хотод ирээд мөн эхний таван жилдээ багшаар ажилласан. Эхэн үедээ ажлын хажуугаар аж ахуйгаа эрхэлж байсан боловч аль алинд нь бүрэн анхаарч чадахгүй байсан учраас фермерээ сонгож, гол анхаарлаа хандуулсан. Шагнал авсандаа маш их баяртай байна. Өдийг хүртэл тусалж ирсэн гэр бүл, найз нөхөд, хамаатнууддаа баярлалаа. Мөн биднийг дэмжиж ажилладаг хороо, дүүрэг, нийслэлийн хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм.
Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд нийт 435 мянган тоо толгой мал байна. Багануур болон Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон малтай бөгөөд Сонгинохайрханд сүүний чиглэлийн фермер, эрчимжсэн аж ахуй зонхилж буй юм. Айл бүрийн эрхэлж буй фермер, аж ахуй өөрийн гэсэн онцлогтой тул нийслэлээс түүнд нь тохируулан дэмжин ажиллаж байгааг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг хэлж байлаа.