Боловсрол, шинжлэх ухааны яам нь Жендэрийн үндэсний хорооны дэмжлэгтэйгээр салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2017-2024 он)-ын дунд хугацааны хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэжээ. Жендэрийн Үндэсний шинжээч, доктор, профессор А.Солонго хөндлөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагын төлөөлөлд танилцууллаа.
“Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналт үнэлгээний бүх түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах үйл явцыг дэмжинэ” гэсэн зорилгыг дараах 4 үндсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна.
Үүнд:
- Салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин, бүтэц тогтолцоог боловсронгуй болгох;
- Салбарын бүх түвшний ажилтан, албан хаагчдын жендэрийн тэгш байдлыг хангах талаарх мэдлэг, чадавхыг сайжруулах;
- Салбарын бүх түвшний байгууллагад жендэрийн нийцтэй орчинг бүрдүүлэх;
- Жендэрийн тэгш байдлыг хангахад саад болж буй хэвшмэл ойлголтыг өөрчлөх үйл явцыг манлайлах болно.
Эдгээр зорилтын 3 нь төлөвлөсөн хугацаанд биелэгдэх боломжтой бөгөөд харьцангуй амжилттай хэрэгжиж байгаа, цаашид хэрэгжилтийг хангах үүднээс үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үнэлгээ, дүгнэлт хийгдсэн байна. Энэхүү үнэлгээ, дүгнэлтэд дурдагдсан голлох асуудал, ажлыг Боловсрол, шинжлэх ухааны салбарын Жендэрийн салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр тогтож, ач холбогдол, үр нөлөөг сайжруулахаар зөвлөлдөв.