Өмнөговь аймаг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах, орон нутгийнхаа онцлогийг шингээсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах зорилгоор “Өмнөговьд үйлдвэрлэв” төв нээжээ. Өмнийн говийн брэнд болсон ингэний хоормог, хармагны шүүсээс эхлээд гар урлал, бэлэг дурсгалын зүйлс, арьсан цүнх, гутал, Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэл, “Гоо мазаалай” саван зэрэг 80 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэд тэнд худалдаж буй аж. Тус төвийг хуучин “Тэмээний музей”-н байранд байгуулж, энэ сарын 10-нд болсон “Ингэний баяр”-ын үеэр нээжээ. Тохижилтын зардлыг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдсэн гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл