Нийслэлчүүдийн үгийн санд шинээр нэмэгдээд буй “цементэн ширэнгэ”, “хавцал”-ыг энэ удаагийн фото сурвалжилгаар онцоллоо. Товчоор хэлбэл, барилга хоорондын зайн стандартыг зөрчиж, хэт ойрхон барьсан, орц, гарц муутай, ганц урсгалтай замтай, зарим нь бүр явган хүний ч замгүй, автомашины зогсоолгүй, тоглоомын талбайгүй, төөрдөг байшин шиг орон сууцын голдуу барилгуудыг ингэж нэрлэх болсон.
Олон улсын жишгээр бол хороолол байгуулахдаа эхлээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, албан газруудаа бариад, хамгийн сүүлд орон сууцуудаа босгодог. Гэтэл манайд эсрэгээрээ.
Алсын хараагүй хот төвлөлтийн сонгодог жишээ болсон эдгээр хорооллыг барихдаа Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-т заасан “төлөв лөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэснийг зөрчсөн нь хэнд ч илт.
Газар шилгээлээ гэхэд гүйгээд очих задгай талбайгүй, яаралтай тусламж, гал унтраах машин орох боломжгүй барилгууд олширчээ. Нийслэлд 6.6-7.6 баллын хүчтэй газар хөдөлбөл нийт барилга байгууламжийн 20-50 орчим хувь нь эвдэрч, 30-60 мянган хүний амь нас эрсдэх магадлалтай гэсэн судалгаа ч сэтгэл түгшээнэ.
Газар хөдлөлтийн гамшигт өртсөн Туркт чанаргүй барилга барьсан 80 гаруй компанийн захирлыг баривчилж, 160 орчмыг нь эрэн сурвалжилж байгаа аж. Манайд ч гэсэн аюулаас урьдчилан сэргийлж, чанаргүй, замбараагүй барьсан барилгын эзэдтэй хариуцлага тооцох хэрэгтэй байна.