Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Удахгүй Цагаан сар болно. Өдгөө 15 аймгийн 85 сум зудтай байна. Тиймээс малчдын хүүхдүүд хөдөө рүү ирж очиход хүндрэл учирна. Тиймээс салбарын сайд дараах тушаалыг гаргалаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх 7 хоног буюу хоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд амарна. Хоёрдугаар сарын 20-ны өдрийн хичээлийг энэ бямба гарагт буюу 18-ны өдөр нөхөж орно. Харин хоёрдугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг дараагийн 7 хоногийнх нь бямба гараг буюу гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их дээд сургуулиуд энэ сарын 20,24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна. Дадлагын буюу лабораторийн хичээлийг 3 дугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэлээ. Сайдын тушаал өнөөдөр албажна. Улмаар орон нутгийн боловсролын байгууллагуудад хүргүүлнэ" хэмээн мэдээлэл өглөө.