Манай улс жилд 10 000 орчим тонн ноолуур бэлтгэн, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн 48 орчим хувийг нийлүүлдэг томоохон тоглогч. Гэхдээ түүхий эд бэлтгэх нэг хэрэг, түүгээр хийсэн бэлэн бүтээгдэхүүн санал болгох, ноолуурын салбарыг цогцоор нь хөгжүүлэх нь өөр асуудал билээ. Тодруулбал, жилд 10 000 тонн ноолуурыг кг-ыг нь 100 000 төгрөгөөр борлуулдаг гэвэл малчид нэг их наяд орчим төгрөг олж байна. Нөгөөтээгүүр, угаасан, самнасан болон ноолууран бүтээгдэхүүний экспортоос 2022 онд 445 орчим сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөгийн орлого олсныг ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Үүний 80 орчим хувийг угаасан, 10 хувийг нь самнасан ноолуурын худалдаанаас бүрдүүлсэн бол үлдсэнийг нь бэлэн бүтээгдэхүүнээс олжээ. Тэгвэл дэлхийн ноолууран хувцасны зах зээлд жилд 2.5 тэрбум орчим ам.доллар эргэлддэг гэсэн тооцоо бий. Тиймээс бид түүхий эдээ аль болох гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулбал одоогийнхоос хэд дахин их орлого олох боломжтой гэсэн үг. Орлогоо ахиулахын тулд түүхий эдээ бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх цогц үйлдвэрийг дэмжин, хөгжүүлэх шаардлагатай.
Өдгөө манай улсад түүхий эдийг угааж, самнадаг болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлдэг 100, жижиг, дунд, өрхийн 150 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Цогц үйлдвэрийн тоог олшруулан, бэлэн бүтээгдэхүүний хэмжээг өсгөж, мөн түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг ахиулахын тулд юу хийж, хэрэгжүүлж буйг салбарын яамнаас тодрууллаа. ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Ноолуурын салбарыг хөгжүүлэх зорилгоор төрөөс цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүн нь ч мэдэгдэхүйц гарч байгаа. Тухайлбал, 2018-2019 онд нийт 295 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бол “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд үндэсний 24 үйлдвэрт 121.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилт өгсөн. Үр дүнд нь өнгөрсөн жил гэхэд үйлдвэрүүд 3200 тонн түүхий эд худалдан авч, экспортын орлого нь 445.3 сая ам.долларт хүрсэн. Энэ нь 2019 оныхоос 15.8, 2021 оныхоос 33.4 хувиар өссөн дүн бөгөөд тогтвортой ажлын байрыг олшруулж, техник, технологио шинэчилж чадсан. Тэгвэл энэ жил ноолуур бэлтгэхэд зориулж 500 тэрбум төгрөгийн зээл олгоно” гэв. Ийнхүү дэмжлэг үзүүлээд байхад ноолууран бүтээгдэхүүний салбарт дэлхийн зах зээл дэргэлдэж буй хөрөнгөөс маш бага хувийг манайх хүртсэн хэвээр байгаа юм. Үүнд дараах хүчин зүйл нөлөөлж буй гэхэд болох аж. Нэгдүгээрт, экспортын орлогын 80 хувийг буюу 8000 орчим тонн бүтээгдэхүүнийг (дэлхийн зах зээлд нийлүүж буй нийт ноолуурын 30 гаруй хувь) угаагаад гаргаж байгаа явдал. Угаах нь анхан шатны боловсруулалт бөгөөдүүнийг нэг шат ахиулж, энэ оны нэгдүгээр сараас зөвхөн самнасныг нь экспортлох “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг ХХААХҮЯ-наас батлуулсан боловч үр дүнд хүрсэнгүй. Хэрэв самнаж экспортол бол 2023 онд гэхэд 4500 тонн самнасан, 2.1 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн экспортолж, борлуулалтын орлогыг өнгөрсөн жилийнхээс 200 гаруйсая ам.доллароор ахиулж, 660 саяд хүргэхээр тооцсон байжээ. Гэсэн ч дээрх техникийн зохицуулалтыг мөрдөх хугацааг ирэх жил хүртэл хойшлуулсан шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Ийн хойшлуулах саналыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан юм байна. Үүний шалтгааныг тодруулахад тус яамны Хөгжлийн нэгдсэн бодлогын газрын нэгэн мэргэжилтэн “Самнах үйлдвэрүүдийн хүчин чадал бага учраас энэ жилдээ бүх бүтээгдэхүүнээ самнаж чадахгүй. Улмаар ноолуурын үнэ хямдарч, малчдын орлого буурах нөхцөл бүрдэнэ. Улсын хэмжээнд 240 000 орчим малчин өрхжил бүр ноолуураа борлуулан мөнгө олж, хэрэгцээгээ хангадаг. Тиймээс яаран сандран ийм арга хэмжээ авах нь буруу. Хэрэв ирэх болон түүний дараа жилээс самнах, сүлжих цогц үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэн, бүх түүхий эдээ боловсруулах үед угаасан ноолуурын экспортод хориг тавьж болно” гэсэн юм. Тэгвэл ХХААХҮЯ, Монголын ноос, ноолуурын холбооноос 2023 онд самнах долоон үйлдвэр нэмж ашиглалтад оруулан, нийт хүчин чадлыг 10 000 тонноос давуулах боломж бүрдсэнийг мэдээлсэн. Мөн томоохон 20 үйлдвэрлэгч нэг кг ноолуурыг 100 000 төгрөгөөс багагүй үнээр худалдан авч, малчдын орлогыг бууруулахгүй гэдэгт санал нэгдсэнийг дурдлаа. Самнах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллан, түүхий эд худалдан авсаар байх ч урд хөршийн бизнесменүүд угаасан болон түүхий ноолуурын ханшийг өсгөн, бэлтгэн нийлүүлэгчдээ алдахгүй байх бодлого баримтлан, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн өсөн дэвжих боломжийг багасгадаг гэж ойлгож болох нь. Энэ тухай нэгэн компанийн захирал “Анх бид түүхий ноолуур экспортолж байгаад угаасныг нь гаргаж эхлэхэд хэдэн зуун ажлын байр бий болж, борлуулалтын орлого харьцангуй өссөн. Хэрэв угаасан ноолуураа самнаад борлуулж эхэлбэл 3000 гаруй ажлын байр шинээр бий болж, самнах үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалт сайжирч, борлуулалтын орлогоч мөн ахих тооцоог салбарын яам, үйлдвэрүүд нийлж гаргасан. Ер нь салбарын хөгжлийг дэмжихийн тулд түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, худалдан авалтаас эхлээд цогцоор нь асуудлыг шийдвэрлэх учиртай. Ноолуураас малчдын олох ганц хоёр жилийн орлогод санаа зовохгүйгээр зоригтой алхамхийн, самнасныг экспортлох шийдвэр гаргасан бол төд удалгүй улсын эдийн засагт өгөөжөө өгнө шүүдээ” хэмээн ярив.
Өөр нэг анхаарах асуудал нь хөнгөн үйлдвэр, оёдол, нэхмэл, сүлжмэлийн чиглэлээр мэргэшсэн ажилчин улам цөөрснийг ХХААХҮЯ-наас дурдсан. ШУТИС-ийн нэхмэл болон оёдлын үйлдвэрийн технологич, механикч инженерийн ангид суралцах оюутны тоосүүлийн жилүүдэд эрс цөөрчээ. Өдгөө заримангид 3-4 оюутан суралцаж байгааг тус сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг хэлсэн юм. Тэрбээр “Хөнгөн үйлдвэрийн салбарт хүний нөөцийн асуудал тулгарсан. Аль ч мэргэжлийн анги ядаж 20 оюутантай байх шаардлагатай бол заримд нь ердөө 2-3-уулаа суралцах болсон. Цаашид ХХААХҮЯ, ХНХЯ болон хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд, их, дээд сургууль хамтран аль мэргэжлээр, хэдэн жилд, хэдэн оюутан сургах, тэдэнд ямар дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх зэргийг нарийвчлан судалж, арга хэмжээ авахгүй бол хүний нөөцийн хомсдолд орох нь гарцаагүй” гэж байлаа.
Нөгөө тээгүүр, олон улсын зах зээлд чиглэсэн маркетинг, сурталчилгааг өндөр түвшинд хийх хэрэгтэй аж. Манай орон дэлхийн ноолуурын тал хувийг бэлтгэдэг, ноолуур нь маш нарийн ширхэгтэй, үнэцэнтэй гэдгийг танилцуулж, мэдээлж байх шаардлагатай гэнэ. Сүүлийн жилүүдэд малын эрүүл мэнд, бэлчээрийн доройтол зэргээс шалтгаалж монгол ноолуурын микрон бүдүүрч байна гэдэг ч хамгийн нарийн ширхэгтэй, чанартай түүхий эд нийлүүлсэн хэвээр байгааг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийнхан тодотгосон. Нарийн ширхэгтэй ноолуур үүсэх нэг шалтгаан нь эрс тэс уур амьсгал хэмээн ойлгож болно. Өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуунаас шалтгаалан малд зохицуулалт явагдан, ноос, ноолуурын чанарт нөлөөлдөг аж. Тиймээс бид малын тавлаг байдлыг хангасан, дахин сэргээгдэх баялгаар байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйгаа байнга сурталчлах, олон улсад “Монгол ноолуур” гэсэн брэнд бий болгох, хоногшуулах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөсөөр байна. Эндээс харахад сүүлийн хэдэн жилд ноолуурын боловсруулалтын түвшин дээшлэн, бэлэн бүтээгдэхүүний нэр, төрөл олшрон, чанар, өнгө үзэмж нь илт сайжирсан. Мөн экспортын орлогын хэмжээ ч жил ирэх бүр нэмэгдэн, салбарын хөгжилд тодорхой ахиц гарч, алхам алхмаар урагшилсаар байна. Харин тус салбарт ажиллах хүний нөөц, мэргэшсэн ажилчид, залгамж халааг бэлтгэх асуудал орхигджээ. Түүнчлэн экспортод гаргах бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэг шат ахиулах бодлого талаар боллоо. Үндсэндээ салбарын хөгжлийн төлөвлөгөө нэг алхам ухарсан гэхэд болох нь.