УИХ-аас Даатгалын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд даатгагч нь холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, төрийн худалдан авах ажиллагаанд даатгагчийн баталгааг хүлээн авах боломж бүрдүүлсэн нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Үүнтэй холбоотойгоор СЗХ-ны ээлжит хуралдаанаар Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журмыг хэлэлцэж, баталсан байна. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, хувийн хэвшил, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хувьд тендерийн үйл ажиллагаандаа даатгагчийн баталгааг ашиглах болсноор иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг илүү эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэх, санхүүгийн салбарт зөв өрсөлдөөн бий болгох, мөнгөн урсгалын эргэлт, даатгалын салбарын эрэлт, нийлүүлэлтийг өсгөж, хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж. Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагаа болон түүнд тавих шаардлага, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан дээрх журмыг баталснаар даатгалын компаниуд баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд санхүү, төлбөрийн чадвар, удирдлага, зохион байгуулалтын хувьд ямар шаардлага тавигдах, баталгааны дээд хязгаар буюу хэдий хэмжээний баталгааг гаргаж болох зэргийг тодорхой болгожээ. Ингэснээр даатгалын компаниуд 70 орчим тэрбум төгрөгийн баталгаа гаргах боломжтой болсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу гаргаж буй нийт баталгааны 30 орчим хувийг даатгагчийн баталгаагаар хангуулах боломж бүрдсэн гэнэ. Мөн Даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу даатгалын компаниуд нь орон сууцын ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хувьд даатгагчийн баталгаа гаргах боломжтой болжээ. Ингэснээр иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, бусад салбарын үйл ажиллагаанд дэмжлэг болох ач холбогдолтой аж.
Бэлтгэсэн Б.Сонор